Боловсролын салбарын “REWIRED” дээд хэмжээний уулзалтад АНЭУ-д зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс оролцож буй юм.
Уг томилолтын хүрээнд Л.Энх-Амгалан сайд Дэлхийн Банкны боловсролын асуудал хариуцсан захирал Жайме Сааведратай уулзжээ.
Уулзалтын үеэр Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж байгаа “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл болон цар тахлын улмаас үүссэн сурагчдын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө боловсруулж, оношлох үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ. Манай улсын тухайд боловсролын салбарт хүртээмжээс илүү чанарт анхаарах шаардлагатай байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дурьдаад боловсролын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх талаар төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан байна. Мөн дижитал шилжилт, цахим агуулга, хэрэглэгдэхүүний платформ, Перу улсад хийгдсэн боловсролын санхүүжилт болон үнэлгээний шинэчлэлийн талаар, тэр дундаа багш, сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээ, цаашдаа туршлагатай экспертүүдтэй хамтан ажиллах боломжийн талаар сайд онцолж ярилцсан аж.
Ноён Жайме Сааведра манай улсын ковид цар тахлын үед болон дараа сургалтын алдагдсан цагийг нөхөх чиглэлээр хэрэгжүүлж буй стратеги, туршлагын талаар асууж тодруулаад хамтран хөгжих боломжийн талаар дурджээ. Түүнчлэн сургуулийн түвшний төсвийн зарцуулалт, хяналт, төсвийн үр ашгийн талаар манайхтай ижил төстэй орнуудын туршлагыг танилцуулсан байна.
Чанарын шинэчлэлд багш нар гол тулгуур болдог бөгөөд багшийн хандлага, анги танхим дахь зан үйлийг хэрхэн өөрчлөх, сургуулийн түвшинд ямар дэмжлэг үзүүлэх талаар санал солилцжээ. Дэлхийн банкны зүгээс дэмжлэг үзүүлэх боломжтой, ялангуяа нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх Equal төслийн хүрээнд боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх боломжууд байгааг цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )