Хаалга онгойхтой зэрэгцэн угтагчийн өгөх ганц хундага дарсыг барьсаар эргэн тойрныг ажихад чимэглэсэн томоос том заал угтан авлаа. Олон ширээг гоёлын байдлаар засжээ. Гялтганасан даашинз, нарийн оёдолтой хослол бүхий хүмүүс нүүрэндээ инээмсэглэл тодруулан ямар нэгэн зүйлийг ярилцана. Зохион байгуулагчийн заасан нэгэн ширээнд очин суухад ширээ дүүрэн өрсөн жимс, ундаа, эгнүүлэн тавьсан таваг, халбага, аяганууд ширээний бүтээлгэний өнгөнд уусаж харагдах нь сонирхолтой.
Хамт ширээ тойрон суух хүмүүстэй мэнд мэдэн, элдвийг ярилцах үед гэнэт микрофон дуугарснаар хүлээн авалт албан ёсоор эхлэв. Энэ бол арванхоёрдугаар сард хүмүүсийн хүсэн хүлээдэг үйл ажиллагаануудын нэг. Шинэ жилийн баярын хамгийн гол зүйлийн нэг нь хамт олноороо тэмдэглэн өнгөрүүлэх үдэшлэг юм. Тиймээс ч хүмүүс тухтай, амттай хоолоор үйлчлэх, үйлчилгээ сайтай газарт шинэ оны үдэшлэгээ тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьдог. Шинэ жилтэй холбоотой цуврал өдрийн сурвалжилгынхаа өнөөдрийн дугаарт үдэшлэг зохион байгуулах захиалга авч буй ресторан, эвент холлуудын талаар хүргэж байна.
ВИП КАРАОКЕНЫ БАГЦ ДУНДЖААР ХОЁР САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Шинэ жилийн баярыг тэмдэглэхэд хүний тоо цөөн, олон эсэх нь хамаагүй. Тиймээс 100 хүртэлх хүний багтаамж бүхий газрууд Улаанбаатар хотод нэлээдгүй бий. Караоке, лоунж, бар, паб, ресторан, кафе, зочид буудал гэх мэт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ихэвчлэн цөөн хүнд үйлчилдэг. Үйлчилгээ үзүүлэх үедээ хүмүүсийн тоог гурван төрөлд хуваан авч үздэг байна. Үүнд, 0-30, 30-50, 50-100 хүний багтаамжтай хэмээн ангилдаг ажээ. Гэвч хүмүүсийн тоог ийн ангилах нь ердөө л байгууламжийн багтаамжийн асуудлаас үүдэлтэй юм байна. Ямар үйлчилгээний байгууллага, хаана байрлалтайгаас хамаарч багцын үнэ харилцан адилгүй байдаг аж. Тухайлбал, ВИП караоке багц сэтний үнэ хамгийн багадаа 800 мянган төгрөгийн ханштай байна.
Харин хамгийн дээд ханш нь хоёр сая төгрөг ажээ. Ингэхдээ 30 хүртэлх хүнийг хүлээн авах бөгөөд цагийн хязгааргүй, хоол, уух зүйлс гэх мэт бүхий л тооцоог боддог юм байна. Харин ВИП бус энгийн караокены шинэ жилийн багц 800 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй байгаа ажээ. Лоунж, бар, паб болон цөөн тооны хүн хүлээн авах газруудын багц 75-300 мянган төгрөгийн ханштай байгаа аж.
Ийм төрлийн газруудын сэтний багцад мастер тогоочийн гарын хоол, угталтын халуун вино, бүрэн тоноглосон мэргэжлийн тайз, бүжгийн талбай, хувцас солих өрөө, тамхины өрөө, заал ашиглах 4-5 цаг, автомашины зогсоол, уран бүтээлч урих, зуучлах зэрэг нөхцөлтэй ажээ. Мөн цөөн ажилтантай байгууллагууд албан байгууллагуудын албан ёсны шинэ жилд орох нь түгээмэл. Тодруулбал, жил бүрийн шинэ жилээр албан байгууллагуудын нэгдсэн шинэ жилийн хүлээн авах арга хэмжээг зохиодог байна. Тус арга хэмжээний төлбөрийг төлж оролцдог цөөн тооны ажилтантай компани, албан байгууллага их байдаг аж.
МАНАЙ УЛСАД ШИНЭ ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТЫГ ХАМГИЙН ИХДЭЭ 1,500 ХҮНИЙ БАГТААМЖТАЙГААР ХИЙХ БОЛОМЖТОЙ
Баярын арга хэмжээгээ 100-гаас олон хүнтэй зохиох албан байгууллагууд бий. Тэгвэл тэдгээр байгуулагуудад зориулж 100-150, 150-250, 250-500 хүний багтаамж бүхий шинэ жилийн үйл ажиллагаа явуулах үйлчилгээний байгууллагууд багцынхаа үнийг таницуулсан байна. Тодруулбал, лоунжийн сэт 60-85 мянган төгрөгийн ханштай бол 500 хүртэлх хүн хүлээн авах ресторануудын багц 90-160 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Багцын дундаж үнэ 100-140 мянган төгрөг байна. Манай улсад 500 хүртэлх хүний шинэ жилийн хүлээн авалт хийх газууд байгаа хэдий ч мянган хүнтэй хүлээн авалт хийх газар төдийлөн их биш ээ. Хүлээн авалт хийх хамгийн том газар нь MPM эвент холл юм. Тус газар нь 1,500 хүний хүлээн авалтыг хийх хүчин чадалтай.
Үүний дараагаар Крокус эвент холл болон Мидвей эвент центер нь тус бүр 1,200 хүн хүлээн авах багтаамжтай юм. Мөн Чингисийн хүрээ болон Росен ресторан тус бүр 1,000 хүн хүлээн авах багтаамжтай билээ. Энэ мэтчилэн цөөн хэдэн газарт 1,000-аас олон хүнийг хамруулах баярын хүлээн авалтыг хийх боломжтой байна. Харин үнийн хувьд хүлээн авалтад оролцох хүний тооноос хамаарч үнэ ханшийг тооцох аж. Нэг багцын үнэ нь дундаж багцын үнээр бодогдож байгаа юм.
АМРАЛТЫН ГАЗРУУД Ч ШИНЭ ЖИЛИЙН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Ресторан, эвент холлуудаас гадна амралтын газрууд ч шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байгаа ажээ. Ажлын цагаар агаарлаж, салхилж чадахгүй байгаа иргэд баярын өдрийг цэвэр агаарт тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсдэг болсон. Тиймээс ч зуслангийн хаус түрээслэх, амралтын газарт амарч шинэ оноо гаргах, баяраа тэмдэглэх нь нэмэгдсэн юм. Тиймээс сурвалжилгынхаа энэ хэсэгт амралтын газруудын үнэ ханшийн талаарх мэдээллийг хүргэе.
Шинэ жилийн хүлээн авалтаа амралтын газарт тэмдэглэвэл байрлах гэр болон буудлын үнийг 10-50 хувь хямдруулж байгаа ажээ. Харин хоолны багцын үнэ 69-89 мянган төгрөгийн өртөгтэй байгаа юм. Өдрийн гурван хоолтой, нэг хүн байрлах бол 60 мянга, таван ортой гэр буудал 100-120 мянга, шалны халаалттай дөрвөн ортой гэр 150 мянга, зочид буудлын өрөө 160-180 мянга бол хонохгүйгээр амрах тохиолдолд 30-45 мянган төгрөгийн ханштай байна. Амралтын газрууд нэг ээлжиндээ 100-120 хүнийг хүлээн авч байгаа аж.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )