СҮХБААТАР: ​Иргэдийн спортын наадамд идэвхтэй оролцсон баг, тамирчиддаа талархал илэрхийлье

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 13

Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах 2021 оны “ИРГЭДИЙН СПОРТЫН IX НААДАМ” спортын 4 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга Х.Болормаа “Жил гаруйн хугацаанд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан спортын тэмцээн, уралдааныг УОК-ын шийдвэрээр хориглоод байсан. Улсын хэмжээнд бүх шатандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэний дүнд өнөөдөр улсын хэмжээнд халдварын тархалт харьцангуй буураад байна.

Мөн иргэдээ дархлаажуулалтад хамруулах ажлыг ч идэвхтэй хийж байна. Та бүхэнд нэг статистик тоо хэлье. Монголчуудын 60 хувь нь ямар нэгэн суурь өвчтэй байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Энэ бол бидний амьдралын буруу дадал зуршил, хооллолт, хэв маяг, хотжилт, нийгмийн стресс гээд маш олон шалтгаантай. Гэхдээ хүн бүр ажил, амьдралын зөв хуваарь, зохион байгуулалттай байж чадах юм бол эрүүл, чийрэг байх бүхий л боломж бий.

Эрүүл байхын тулд байнга идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг байх нь чухал. Энэ утгаараа иргэдийн спортын наадам бол иргэдийнхээ бие бядрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хүн амыг нийтийн биеийн тамираар идэвхтэй хичээллүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв өнгөрөөх боломжийг олгодог арга хэмжээний нэг. Тэмцээнд багийн спортын төрлүүдийг түлхүү оруулдаг нь ийм учиртай. Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт иргэддээ, баг тамирчдаа зохион байгуулалттай оролцуулсан хороодын Засаг даргын ажлын алба, нийт иргэддээ талархлаа илэрхийлж, та бүхнийхээ цаашдын ажилд өндөр амжилт хүсье” гэв.

Спортын 4 төрлөөр зохион байгуулагдсан “ИРГЭДИЙН СПОРТЫН IX НААДАМ”-д багийн дүнгээр,

I байрт Б.Эрдэнэсүх даргатай 16 дугаар хороо

II байрт Л.Мөнхтүвшин даргатай 14 дүгээр хороо

III байрт С.нэргүй даргатай 20 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд төрөл тус бүр дээр эхний байрт шалгарсан баг тамирчид нийслэлийн тэмцээнд оролцох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top