Н.Батмөнх: “Үнэгүйдээд байсан АЛТАН ГАДАС одонг үнэ цэнтэй болгосонд баяр хүргэе” гэж олон хүн хэлсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

Тохижилт, үйлчилгээний газарт 12 жил ажилласан Н.Батмөнх “Алтан гадас” одонгоор шагнуулсан билээ. Ховд аймгийн Булган сумын харьяат тэрбээр өнгөрсөн хугацаанд Барилгын техникум, Эрдэнэт үйлдвэр зэрэг хэд хэдэн газарт ажиллан, Хөдөлмөрийн аваргаар цөөнгүй удаа шалгарчээ. Н.Батмөнх өдгөө 64 настай. Өдий насандаа хот тохижилтод ажиллан, хүйтэнд нь хөрч, халуунд нь халж ажиллаж ирсэн. Байгууллагадаа 70 нас хүртлээ ажиллах хүсэлтэй яваа түүнтэй ярилцаж сэтгэгдлийг нь сонслоо.


-Та аав ээж, нутаг усныхаа талаар танилцуулна уу?

-Би Ховд сумын Булган суманд төрсөн. Миний аавыг Пүрэвийн Ноосон, ээжийг Бадамын Мүүжиг гэдэг. Малчин айлд төрж өссөн. Аав минь ямаачин хүн байлаа. Манай нутгийнхан ажилч хичээнгүй, ёс жудгаа сахидаг улс. Энэ ташрамд нутгийнхандаа мэнд дэвшүүлж байна.

-Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Цэрэгт гурван жил яваад Барилгын цэргийн удирдах газарт 16 жил ажилласан. Дорнод аймгийн Сүмбэр суманд ажиллаж байлаа. Барилгын бүхий л ажлыг хийнэ. Одоо ч сурсан эрдэм минь амьдралд хэрэг болдог. Гэртээ зүгээр суухгүй шүү дээ. Улмаар Эрдэнэт, Багануурын уурхайд гагнуурчин болсон. Уурхайд 10 жил ажиллахдаа хоёр удаа Хөдөлмөрийн аварга болж байлаа. Хот тохижилт үйлчилгээний газарт ажилд ороод 12 жил болж байна. Баянзүх дүүргийн цэвэр цэмцгэр байдлыг сахин хамгаалж байна.

Манай хамт олон их сайхан хүмүүс байдаг. Газрын дарга маань бидний жаргал, зовлонг маш сайн ойлгодог. Заримдаа ч халшрах үе гарна шүү дээ. Тэр бүрийд ойлгож дэмждэг хамт олонтой байна гэдэг сайхан. Хот тохижилтод ороод Нийслэлийн Хөдөлмөрийн аваргаар шалгарч байлаа. Үндсэндээ 1975 оноос хойш улсад 45 жил ажиллажээ. Тохижилт үйлчилгээний чиглэлээр 700 гаруй ажилтан өглөөнөөс үдэш болтол ажилладаг. Олон хүний хөлс хүчний үр дүнд нийслэлчүүд маань цэвэр тохилог амьдарч байгаа юм шүү.

-Энэ жил төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа шүү дээ. Ард түмэн ч их сайхан хүлээж авсан. Таны сэтгэгдлийг сонсох сон гэж олон хүн харж байгаа байх?

-Маш олон хүн “Үнэгүйдээд байсан Алтан гадас одонг үнэ цэнтэй болгож үнэн халуун хөдөлмөрөөрөө авсан танд баяр хүргэе” гэж мэндчилгээ хүргэсэн. Шагнал авах тухай сонсоод өөрийн эрхгүй л нулимс мэлмэрээд ирсэн дээ.

Засгийн газрын ордноос одонгоо аваад гараад ирэхэд манай ТҮК-ийн ажилчид цуглачихсан хантааз нь алаглаад л уухайлж байсан. Хүн хэт их балмагдаж баярлахаараа зүрх хөөрөөд харвах нь уу л гэмээр мэдрэмж төрдөг юм билээ.

Хүний хаясан хогоос гадна нийгмийн хогийг цэвэрлэж ариусгаж байна гэж бодож нийслэл хотынхоо гудамжийг гэр шигээ өөриймсөж цэвэрлэдэг. Амьдралаа ажил хөдөлмөрийн амт шимт, үр дүнгээр цэцэглүүлж хүнээс дутахгүй хүний зэрэгтэй амьдарч болдгийн жишээ болж явна. Үнэнч хөдөлмөрийн шагнал болгож ийм том шагнал хүртээсэн төр засаг, түмэн олондоо талархаад баршгүй.

-Хотын гудамж талбайг цэвэрлээд явж байхад хүмүүсийн ухамсар хэр өөрчлөгдөж байна гэж хардаг вэ?

-Маш их өөрчлөгдсөн. Залуус маань ухамсартай, соёлтой болжээ. Хогоо халаасандаа хийгээд хогийн саванд хаяж байгаа харагддаг. Харин машинынхаа цонхоор хог хаяж байгаа хүмүүсийг лавлаад харахаар дандаа настай хүмүүс харагдах юм. Уг нь бидний үеийнхэн залуу хойчдоо үлгэр жишээ болж явах учиртай шүү дээ.

-Өглөө ажилдаа хэд гэж ирдэг вэ, зарим үед их л оройтдог байх?

-Гэрээсээ дөрвөн цагийн үед гараад ажил дээрээ ирдэг. Хөдөлмөр аюулгүй байдлын инженерийн зааварчилгаа, мастерын үүргийг аваад хариуцсан талбай руугаа гарцгаадаг. Цастай үед оройтно оо. Тэнгэрийн аашийг яалтай, цэвэрлээд л байхад барагдахгүй шүү дээ. Бид хүний хөл хөдөлгөөн эхлэхээс өмнө амжиж цасаа цэвэрлэх гэж минут секундтэй уралддаг. Цэвэрлэж амжаагүй хэсэгт хүн халтираад унавал бидний өдрийн ажил талаар болно шүү дээ. Цаанаа маш их хариуцлагатай ажил шүү. Ард түмний хайр хүндэтгэл их юм даа. Халуун кофе, аарц, жигнэмэг, чихэр бариад л ирдэг юм. Сэтгэл дулаацах шиг л болдог.

-Тантай хамт бригадын мастер болон ажилтан гээд хоёр хүн нэгэн зэрэг Алтан гадас одонгоор шагнуулсан. Хамт олныхоо тухай бахархан ярина уу?

-Бид нэгдүгээр бригадад ажилладаг. Зүүн дөрвөн замаас Бөхийн өргөө хүртэлх талбайг цэвэрлэх нормтой. Бригадын мастер С.Жаргалсайхан болон Г.Бямбадорж нар маань тун ажилч чамбай улс. Бид 10 жил хамт ажиллаж байна даа. Шагнал нүдээ олох их сайхан санагддаг юм байна. Энэ хоёр шиг зуу зуун хүмүүс цаг наргүй ажиллаж байгаа юм шүү дээ. Найрсаг тусч хамт олон дунд ажиллаж байгаадаа баяртай байдаг. Ажлаас урамшуулал олгоно, шөлний хонь өгнө, нэг нэгнийхээ төлөө санаа сэтгэлээ маш их зориулдаг.

Газрын дарга маань эмэгтэй хүн байдаг болохоор аливаа зүйлийн жорыг нь тааруулж ханддаг. Бид чинь цас, бороо, шороотой хүнд нөхцөлд ажилладаг шүү дээ. Бидний өмсдөг ажлын хувцсыг маань маш чанартай материалаар хангаж өгсөнд талархаж байгаа. Би мастер болж хүн удирдъя гэж боддоггүй. Өөрийнхөө урдахь ажлаа хийгээд л явах сайхан байдаг. Хот тохижилтын газарт ажилд анх ороход 600 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол одоо илүү цагаа нэмээд нэг сая төгрөг дөхүүлж авдаг шүү. Амьдралд маш нэмэртэй.

-Таныг шагнал авсны дараа хүмүүсийн хандлага ямар байсан бэ?

-Их сайхан байсан. Түцний 86 настай буурай надад өдөр бүхэн ундаа өгдөг байсан. Тэр хүн надад баяр хүргэж ундаа, жигнэмэг, халуун кофе өгсөн. Бас нэг эмгэн идээний мөнгөн цар, өөр нэг хүн айрагны ваар бэлэглэсэн. Цагаан сараар ширээгээ чимнэ гэж бодож байна. Тэр хоёр хүн нэрээ ч хэлээгүй, зургаа ч даруулаагүй яваад өгсөн дөө.

-Та хэдэн хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн бэ. Бас ханийнхаа тухай яривал?

-Хань минь улсдаа 30 шахам жил ажилласан. 20 жилийн өмнө осолд ороод хөл муутай болсон. Ойр зуур л явдаг. Үр хүүхэд, ач зээ нараа хараад, хүмүүжүүлээд сууж байна даа. Өдөржин гадаа ажиллаж байгаад ядраад ороод ирэхэд гэр халуун, хоол бэлэн, ая тухтай амьдрах ар талыг минь дааж явдаг юм. Хүн ер нь ханиа ямар ч үед хаяж орхиж болохгүй. Анхнаасаа л хайрлана, хамгаална гэж амьдрал амлаж авч суучихаад өвдөж зовоход нь орхиод явдаг хүмүүс их олон болжээ.

Бид хоёр  дөрвөн сайхан хүүхэдтэй. Том хүүхэд маань Хэнтийд малчин болсон. Уг нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Удаах хүүхэд маань оёдлын чиглэлээр ажилладаг.  Гурав дахь хүүхэд маань Багшийн дээд төгсөөд цэцэрлэгийн багшаар ажилладаг. Хамгийн бага нь Оюутолгойд өрмийн инженерээр ажилладаг. Бүгдийг нь л их дээд сургууль, коллеж дүүргэж эрдэм мэдлэгтэй хүн болгосон. Миний дөрвөн хүүхдээс архи, тамхи хэрэглэдэг хүн байхгүй. Би хүүхдүүддээ “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” гэж дандаа сургадаг даа. Хүүхдүүдээ мэдлэг мэргэжилтэй болгосон минь ажлын минь гавьяа л гэж боддог доо.

-Таныг шагнуулсны дараа дуучин Нара хандивын аян эхлүүлж чамгүй мөнгө цуглуулсан. Найрыг тань өргөн дэлгэр сайхан хийлээ шүү дээ?

-Тэглээ. Надтай зэрэг шагнуулсан С.Жаргалсайхан, Г.Бямбадорж хоёртойгоо Алтан гадас одонгийн найраа төсөөлж байгаагүйгээрээ сайхан хийлээ. Бид гурвын талаас 200 гаруй хүн ирсэн, бас урлаг соёлынхон олноор ирсэн. Бидний одонг мялааж найрын бүхий л зардлыг гаргаж, тэр олон хүнийг дайлж цайлсан “Буган халиун” рестораны удирдлага, хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

Ирж ая дуугаа өргөсөн, бүжиг наадмаа дэглэсэн, хөтөлж хөгжөөсөн бүхий л дүү нартаа чин зүрхнийхээ угаас талархаж байна. Нара дүү маань нөгөө хоёрт тав, таван сая төгрөг бэлэглээд, надад 14 сая төгрөг гардуулсан. Сарын цалингаас илүү орлогогүй надад маш их мөнгө шиг санагдаж байна.

Олныхоо хишгийг хүүхдийн эрүүл мэнд, сайн сайханд зориулъя гээд бид гурвын зүгээс хоёр сая төгрөгийг Түлэнхийн төвд хандивласан. Хүүхэд бүхэн өвчингүй эрүүл саруул байгаасай гэж хүсэж энэ эмнэлгийг сонгосон. Нара бол хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүүхэд юм байна лээ. Тийм хүн л олон байгаасай гэж боддог.

Ийм сайхан сэтгэлтэй ард түмнийхээ дунд өргөн уудам эх орондоо амьдарч байгаадаа л огшиж бахархсан даа.

-Та нууц биш бол мөнгөө юунд зарцуулъя гэж төлөвлөсөн бэ?

-Манайх Баянзүрх дүүрэгт нэг өрөө байр хөлсөлж амьдардаг. Юмны үнэ өсөж байгаа болохоор түрээсийн үнэ ч өснө шүү дээ. Мөнгөө банканд хадгалчихсан. Орон байртай болох юм сан гэж бодож яваа болохоор түүндээ зориулж хадгалсан.

-Хот тохижилтын газраас ажилчдын нийгмийн асуудалд хэр анхаардаг вэ?

-Сайн анхаардаг. Олон хүн мөнгөн урамшуулал болон байраар шагнуулж байсан шүү.  Би мөнгөн шагналаар шагнуулж байсан. Одоо би 64 настай. 70 нас хүртлээ хөдөлмөрлөнө, чаддаг бол 80 хүртлээ ч ажил хийх юм сан гэж боддог. Даанч арай л чадал хүрэхгүй байх. Залуучууд хөл гар нь бүрэн бүтэн байгаа хэр нь мөнгөгүй, ажилгүй гэхээр би их гайхдаг. Манай салбараас ч залуус маш хурдан шантраад гарчихдаг. Хот тохижилтын газарт хамгийн ахмад настай нь л би байна даа /инээв/.

-Залуус ажлаас их халгамтгай байна гэж та хэллээ. Залуустаа хандаад юу гэж хэлэх вэ?

-Хайран сайхан залуус архи их ууж байна. Үүнд маш их эмзэглэдэг. Би өдий олон жил ханилахдаа гэргийдээ нэг удаа муухай үг хэлж үзээгүй, гэртээ нэг удаа согтуу орж үзээгүй хүн. Сая одонгийн найраар жаахан халж үзлээ. Их хэцүү юм байна лээ. Толгой эргээд л. Хүсээд байх юм биш. Залуус минь үр хүүхдээ хүмүүжилтэй өсгө, хань ижлээ битгий зовоо, ханиа зовоосон хүн насан туршдаа жаргадаггүй гэж хэлмээр байна.

-Та амралтынхаа өдрийг юу хийж өнгөрөөдөг вэ?

-Бид долоо хоногийн зургаан өдөрт ажилладаг. Нэг өдөр амрахдаа гэр орны ажил мундахгүй. Ер нь л ажилдаа санаа зовоод байдаг. Шүүр маань хугарчих вий, хүрз маань хагарчих вий гээд л. Барилга дээр ажиллаж байсных өрлөг мөрлөг хийчихнэ. Уурхайд ажиллаж байсных гагнуур магнуур дөнгөчихнө. Хүн амьтан гуйвал чаддаг юмаа хийж туслах дуртай. Ажил дээрээ алдаа гаргасан бол алдаагаа хурдан засчихна, хүн гомдоочихсон бол даруйхан уучлал гуйчихна. Ер нь сэтгэлийн тээштэй явах дургүй. “За бол ёогүй” байхыг хичээдэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амжилт (192.82.93.14) 2021 оны 12 сарын 21

Хужаа бишээ Монгол хүн монгол аав \n

0  |  0
Zochin(202.126.89.104) 2021 оны 12 сарын 17

Shudarga irgen: chinii xiisen zuil ali bna. chi xaluund xalj xuitend xorj xurz shuur barij uzeegui bj. utasnii tsaanaas olon ym xutsalgui bai.

1  |  0
зочин(122.201.23.84) 2021 оны 12 сарын 15

Хөдөлмөр хүнийг голохоос хүн хөдөлмөрийг голж болохгүй гэж ярьдаг үнэн юм байна. Сайхан ярилцлага болсон байна, түлэнхийн төвд мөнгө хандивласанд баярлалаа. Үнэхээр 10 жил баригдаад дуусдаггүй Түлэнхийн төвийг хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй байна

0  |  0
Зочин(66.181.161.59) 2021 оны 12 сарын 15

Хот тохижилтын газрын ажилчдад одон тэмдгээ харамгүй өгөх хэрэгтэй! Тэд нэргүй ажилд цаг наргүй,гомдолгүй ажилладаг улс.Тэдний өмнөөс баярлалаа!

1  |  0
Зочин(59.153.86.59) 2021 оны 12 сарын 15

Цорын ганц нүдээ олсон одон шүү дахиад час хийсэн медалийн эзэн болоорой маш олон жил ажилласанд баяр хүргэе өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн

1  |  0
Ммм(202.9.46.40) 2021 оны 12 сарын 17

Шударга иргэн чи зайл атаархуу шаар. Чи шүүр ч барьж мэдэхгүй дээ,гөлөг

1  |  0
Zochin(192.82.70.217) 2021 оны 12 сарын 17

Шударга Иргэн гэж чамайг хэлдэггүй юм аа . Нээх их атаархсан архичингуудын хэлдэг үгийг чи хэлчихлээ . Чи олон жил ажилж алтан гадас битгий хэл энгэртээр төмөр ч зүүхгүй атаархагч байна . Чи өөрөө хужаа юм бишүү .

4  |  1
Шударга иргэн(103.11.195.34) 2021 оны 12 сарын 21

Энэ хятад царайтай нөхөр яасан юм донгосдог юм. Хийх ёстой ажлаа хийгээд авах ёстой цалингаа аваа биздээ. Хүнд гайхуулчихаар юуч бүтээгээгүй нөхрийг шагнана гэдэг. төрийн шагнал нүдээ олохоо байждээ.

1  |  31
Top