ОЛОН ӨНГӨ: Багш, эмчийн инээмсэглэл

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Хорвоогийн олон олон мэргэжил дундаас багш, эмчийг би хамгийн их хүндэлдэг юм. Багш хүн шавь нартаа итгэл найдвар бэлэглэдэг бол эмч хүмүүст амьдрал бэлэглэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн болоод боловсролын тогтолцоондоо ч байна уу, яагаад ч юм бэ эмч, багшийн инээмсэглэл багасаж байна уу гэж харагддаг. Мэдээж цар тахлаас шалтгаалж эмч нарын ачаалал эрс нэмэгдсэн. Цахимаар цаг олгодог боллоо. Үзлэгт орохын тулд сарын өмнөөс цаг авна, ажлаа төлөвлөнө. Өвдөлтөө тэвчинэ.

Ингэж хүлээн байж үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчээ үл ойшоон, цааргалах, хүндлэхгүй байх, уурлаж уцаарлаж хандах эмч өнөөдөр цөөнгүй болжээ. Цаашлаад “Миний мэдэх асуудал биш байна” гээд өөр нэг эмч рүү зүглүүлээд явуулах нь ч бий. Эсвэл “Шинжилгээ өгөөд ир ээ” гээд хувийн эмнэлэг зааж өгөөд, “Дахин сарын дараа цагаа аваад ир ээ” гэдэг.

Зөвхөн надад биш олон хүнд эмчийн харилцаа хандлагаас шалтгаалж үйлчилгээ авахад төвөгтэй санагддаг бол асуудлыг засах хэрэгтэй болжээ гэж үзэх хэрэгтэй. Бага цалин авдаг ч байсан, ар гэрт нь асуудал үүссэн байсан ч инээмсэглээд, үйлчлүүлэгчдээ чин сэтгэлээсээ хандах нь эмчийн өргөсөн тангараг, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байгаагийн илрэл.

Хамгийн сайхан нь эмч хүний инээмсэглэл олон хүний зүрх сэтгэлд итгэл найдвар, урам зориг, бүр тэгээд амьдрал бэлэглэдэг билээ. Харин багш та бяцхан үрсийн зүрх сэтгэлд ирээдүйдээ итгэх итгэл, зорилго, мөрөөдөл ургуулдаг. Мэргэжлийнхээ үнэ цэнийг хором, мөч бүрээр мэдэрсэн, бусдын зүрхэнд гэрэл гэгээг ургуулсан, ажил мэргэжлээрээ үлгэр дуурайлал үзүүлсэн эмч, багш илүү олон л болоосой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top