Олон улсын зэсийн судалгааны групп болох ICSG-ийн мэдээлснээр цэвэршүүлсэн зэсийн зах зээл 2020 онд 479 сая тонны алдагдалтай байжээ. Харин 2022 онд нийлүүлэлт нь эрэлтээсээ 328 мянган тонноор давах төлөвтэй байгаа аж.
“ED&F Man Capital Markets”-ийн шинжээч Эдвард Мейр энэ сарын 7-нд өгсөн ярилцлагадаа “2022 онд цэвэршүүлсэн зэсийн эрэлт 2.4 хувиар нэмэгдэхээр байгаа нь сүүлийн найман жилийн хамгийн том өсөлтөд тооцогдож байна.
Хэдийгээр эрэлт өснө гэж таамаглаж байгаа ч энэ нь нийлүүлэлтийн өсөлтийг шингээхэд хангалтгүй” гэжээ. ICSG-ийн мэдээлснээр хэд хэдэн шинэ төсөл ирэх онд ашиглалтад орохоос гадна одоо байгаа уурхайнуудыг өргөтгөсөн нь зэсийн гарцыг 3.9 хувиар өсгөх аж. Түүнчлэн түүхий эдийн судалгааны компани болох CRU-ийн үзэж байгаагаар 2021 онд зэсийн эрэлт их нийлүүлэлт бага байсан бол ирэх хоёр жилд нийлүүлт нь эрэлтээсээ давах гэнэ. Түүхий эдийн судалгааны байгууллагууд зэсийн томоохон төслүүдээр Чили дэх QBII уурхай, Перу дахь “Quellaveco”, Конго дахь Айвенхоугийн уурхайг нэрлэжээ.
ХОЁРДОГЧ ҮЙЛДВЭРЛЭЛ
Зэсийн анхдагч үйлдвэрлэлээс гадна хаягдал зэсийн хоёрдогч үйлдвэрлэл нэмэгдсэн нь шар металлын нийлүүлэт нэмэгдэхэд нөлөөлнө гэдгийг “Commerzbank”-ны түүхий эдийн шинжээч Даниел Бриземанн онцолсон байна. “Commerzbank”-ийн шинжээч, зэсийн нийлүүлэлт өсөх нь их хэмжээгээр шавхагдаж байгаа дэлхийн улс орнуудын нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг мөн тодотгожээ. Зэсийн нөөц маш бага хэвээр байгаа бөгөөд энэ нь үнэ тогтооход ихээхэн нөлөө үзүүлдэг. Их Британийн түүхий эдийн стратеги хариуцсан дарга Том Прайс тэргүүтэй шинжээчид энэ сарын 7-нд хийсэн судалгааны тайландаа, зэсийн хамгийн гол жишиг үнэ Зул сарын баяраас өмнө тогтоно. Одоогоор урт хугацааны гэрээний хэлэлцээр зогсонги хэвээр байгааг тодотгосон билээ.
ҮНЭ
Нийлүүлэлтийн хэтийн төлөв өөдрөг харагдаж байгаа тул шинжээчид зэсийн үнийг он гартал тонн нь 9315-9880 ам.долларт хэлбэлзэнэ гэж үзэж байна. Харин 2022 онд дэлхийн зах зээл дээр шар металлын нийлүүлт эрэлтээсээ давах төлөв ажиглагдаж байгаа тул үнэ харьцангуй тогтвортой байхаар байна. Даниел Бриземанн "Бидний үзэж байгаагаар зэсийн илүүдэл үнийн огцом өсөлтийг сөрөх ёстой. Нийлүүлэлтийн байдал сайжирч байгаатай холбогдуулан үнэ буурна гэж таамаглаж байна.
Гэхдээ ирэх оны мөн үед зэсийн үнэ одоогийнхтой адил буюу тонн нь 9500 ам.доллар байх болов уу” хэмээжээ. Их Британийн брокер “Liberum” зэсийн үнийг 2022 онд тонн нь 7800 ам.доллар, 2023 онд 6698 ам.доллар байна гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Харин “Standard Chartered” банкны шинжээчид шар металлын ханшийг ирэх онд 9150 ам.доллар, 2023 онд 8302 ам.доллар байна гэсэн таамаг дэвшүүлээд байна. Лондоны металлын биржид энэ сарын 6-ны өдрийн хаалтын ханшаар зэс тонн нь 9505 ам.долларын ханштай байна. Өнгөрсөн аравдугаар сарын 10-нд тонн нь 10747 ам.доллар болж түүхэн дээд амжилт тогтоосон билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )