СҮХБААТАР: ​Сайжруулсан шахмал түлш болон нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Өнөөдөр /2021.12.14/ Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабаас ажлын хэсгийн хурлыг зохион байгууллаа. Энэ удаа нийслэлийн Онцгой комиссын даргын 2021.12.10-ны өдрийн тушаалын дагуу нийслэлийн Бүртгэлийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Бэлчээрийн менежментийн төслийн нэгж ОНӨТҮГ, Авто замын хөгжлийн газрын ажилтан, албан хаагчид дүүрэгт ажиллах юм.

Ингэхдээ сайжруулсан түлшний нөөц, хангалт, борлуулалт, түгээлт, угаарын хийн хордлогоос сэргийлэх, түүхий нүүрсний хэрэглээ, Коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах ажлыг эрчимжүүлэхэд хяналт тавина.

Хурлын үеэр дүүргийн Онцгой комиссын орлогч дарга, Шуурхай штабын дарга Ц.Шижир дүүргээс иргэдээ дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлэхээр зарласан 2 сарын аяны хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, хороодын Засаг даргын Ажлын албаны оролцоо, дархлаажуулалтын дүн мэдээ, сайжруулсан шахмал түлшний талаар хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Мөн дээрх 6 агентлагт хариуцан ажиллах хороодын хуваарь, дүн мэдээ хэрхэн нэгтгэж ажиллах талаар мэдээлэл өглөө.

Үргэлжлүүлэн дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болно.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top