Ц.Чогсомжав: Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлал хөгжих боломжтой

2021 оны 12 сарын 16

Хэнтий аймгийн 2022 оны төсөв, бүтээн байгуулалтын ажлын эргэн тойронд болон өвөлжилт, цар тахлын нөхцөл байдлын талаар тус аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай ярилцлаа.


-Танай нутгаар өвөлжилт сайхан уу. Хадлан тэжээл хүрэлцээтэй байна уу?

-Аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 11.5 мянган малчин, мал бүхий өрх 5.1 сая толгой мал өвөлжиж байна. Зуншлага сайхан байсан. Хадлан тэжээлээ хангалттай авсан. Энэ жил аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс ногоон тэжээлээ арвин тарьсан. Аймгийн нөөцөд 100 тонн өвс бэлтгэсэн. 400 тонн ногоон тэжээл хурааснаас аймгийн нөөцдөө 90 тонныг бэлдлээ. Манай аймагт нэгдүгээр сард жилийн дунджаас ялимгүй илүү хүйтэрч магадгүй гэсэн мэдээ байна. Гэсэн ч хур тунадас харьцангуй гайгүй. Цаг агаарыг урьдчилан таамаглахад хэцүү ч өвлийн бэлтгэл сайн хангагдсан.

-Ковид-19 халдвар, вакцинжуулалт ямар байгаа вэ?

-Халдварын өдрийн тохиолдол 10 хүрэхгүй хувьтай байгаа. Харьцангуй нөхцөл байдал намжсан. Аймгийн хэмжээнд халдвар аван хэвтэн эмчлүүлж буй нийт 93 хүн байна. Нэгдсэн эмнэлгээ улаан бүс болгосноо суллаад халдварын дараах эмчилгээ хийгээд эхэлсэн. Гуравдугаар тунгийн хамрагдалтыг сайжруулахаар бүх сумын Эрүүл мэндийн төв, сумын Засаг дарга нарт чиглэл хүргэж байна. Бүх суманд явуулын вакцин хийхээр төлөвлөлөө.

-Одоо малын гоц халдварт өвчний тархалт бий юу?

-Норовлин суманд шүлхий байж магадгүй гэсэн асуудлаар яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Шалтгааныг тодруулахаар ажиллахад шүлхий гарсан өрх гаднаас мал аваагүй. Гэсэн ч Дорнодоос зээрээр дамжиж шүлхий орж ирсэн байж магадгүй гээд цагдаагийн байгууллага шалгаж байна. Үхрийн арьс товруутах өвчин аравдугаар сард гарснаас хойш бүртгэгдээгүй. Хамгийн гол нь Дорнодын нутгаар арьс товруутах өвчин их байгаа учраас хил залгаа сумтайгаа шилжих хөдөлгөөн хийхдээ цагдаа, онцгой, Хөдөө аж ахуйн газар, сумын Онцгой комиссоос арга хэмжээ авч ажиллаж байгаа.

-Улсын хэмжээнд 13 аймагт шүлхий гарсан гэж байсан. Тэдгээр аймгийн нэг нь Хэнтий. Намар шүлхий өвчний тархалт их байсан юм уу?

-Шүлхий гарсан ч амархан дарагдсан. Цаг тухай болгонд яаралтай арга хэмжээ авсан. Өнгөрсөн зургаадугаар сараас хойш найман суманд гоц халдварт шүлхий, хоёр суманд бог малын мялзан, хоёр суманд үхрийн арьс товруутах өвчин гарсныг шийдсэн.

-Хэнтий аймгийн 2022 оны төсөв батлагдсан уу. Ямар бүтээн байгуулалтууд хийхээр төсөвлөсөн бол. Түүхэн аялал жуулчлалын чиглэлээр нэлээд ажил хийгдэх байх?

-Төсөв батлагдсан. Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарт 2022 онд нийт 9.6 тэрбум гаруй төгрөгийн 17 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Боловсролын салбарт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Харин түүхэн аялал жуулчлалын чиглэлээр улсын төсвөөс орж ирж байгаа хөрөнгө оруулалтын бараг 50-60 хувь нь дэд бүтцийн салбар, томоохон цогцолбор барих ажилд төлөвлөгдөж байна. Манай аймагт бүтээн байгуулалтууд нь хийгдэж байгаа ч гэсэн эргээд олох орлого улсын төсөвт суугдана шүү дээ. Ганцхан манай аймагт зарцуулагдах бус улсын хэмжээний хөрөнгө оруулалт гэдгийг ойлгоосой. Сая улсын төсөв батлагдсаны дараа аймаг хурлаа хийсэн. Аймгийн хурлаар ирэх жилийн төсөв, төлөвлөгөөг баталсан. Одоо сумдууд хурлаа хийж 2022 оны төсөв, төлөвлөгөөгөө баталж байна.

Манай аймаг Ерөнхийлөгчийн уриалсан “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж, 30 сая мод тарихаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ хийсэн. Үүний бэлтгэл ажлын хүрээнд төсөвт тодорхой мөнгө төсөвлөсөн. 2023 онд болох аймгийн 100 жилийн ойг угтаж хийх ажлуудаас мөн төсөвт суугдсан. Төрийн албан хаагчдыг цахимжуулах, харилцааг нь сайжруулах чиглэлээр хөрөнгө мөнгө төсөвлөсөн.

-2022 онд бүтээн байгуулалт хийх түүхэн аялал жуучлалын цогцолбор юу байгаа билээ?

-Дэлгэрхаан суманд “Монголын нууц товчоо” цогцолборыг цахилгаанд холбож, гадна тохижилтоо хийгээд дуусгах, Биндэр суманд “Их хуралдай” цогцолборын ажлыг яаравчлуулж байгаа. Тус цогцолборын эхний шатны ажил 2019 онд дуусаж, хоёрдугаар шат 2020-2024 онд, үндсэндээ 2025-2030 онд сүүлийн шатны ажлыг хийхээр төлөвлөсөн. Бид томоохон цогцолборуудаа цаашид хэрхэн авч явах вэ гэдгээ бас ярилцаж байгаа.

-Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал мэдээж яригдаж байна л даа. Гэхдээ таны бодлоор аймгаа аль чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй гэж харж байгаа вэ?

-Аялал жуулчлал хөгжих боломжтой. Үүнээс гадна мал аж ахуйг хөгжүүлбэл их зүгээр. Зүүн бүсээс Улаанбаатарын махыг хангахад нэлээд өндөр үүрэгтэй оролцдог. Махны гарц, чанар сайн. Мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хөгжих боломж илүү. Бэлчээрийн ч онцлогтой. 

-Хэнтий аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны үндсэн чиглэл батлагдсан байсан. Үүний гол агуулгаас танилцуулбал?

-Бид таван жилээр аймгаа хөгжүүлэх төлөвлөгөө баталсан. Ингэхдээ сумдаас санал авч нэлээд алсыг харсан гэж хэлж болно. Сумдаас 180 төсөл, арга хэмжээний санал авснаас 30-40 хувьтай ажил хэрэгжиж байгаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт “хангалттай сайн” гэж дүгнэгдсэн.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт яаж явж байгаа билээ. 2022 оны хийх ажлуудад иргэдээс хэзээнээс санал авах вэ?

-Өнгөрсөн долоо, наймдугаар сард орон нутгийн иргэдээсээ цахимаар санал асуулга авсан. Хөгжлийн сангаас хийгдэх ажлаа эрэмбэлж, тухайн ажлынхаа зураг төсөв, тоо хэмжээ, ажлын даалгаврыг гаргаад аймаг, орон нутгийн төсөвт суулгадаг. Иргэдийн хүсэн хүлээсэн ажлыг санал авч хийх нь мэдээж чухал. Ухаалаг худагтай болох, гэр хорооллын гэрэлтүүлэг, зам талбай, орон сууцны гадна пасад, дээвэр, тохижилт сайжруулах ажил, тухайн багт тулгамдаж буй асуудлыг иргэд ихэвчлэн хэлдэг. Үүнийг зөв эрэмбэлэх хэрэгтэй л дээ.

-Цар тахал, хил хаасан асуудал иргэдийн амьдралд яаж нөлөөлж байна вэ?

-Нөлөөлөлгүй яах вэ. Бараа бүтээгдэхүүн, хүнс, шатахууны үнэ нэмэгдэж байна. Засгийн газраас цахилгаан, дулааны үнийг хөнгөлсөн нь иргэдийн амьдралд дэм боллоо. Аймгийн зүгээс иргэд, аж ахуйн нэгжийг дулаан алдагдалгүй өвөлжүүлэхийг л нэн түрүүнд зорьж байна. Одоогоор аймагт дулааны станц байхгүй. Ирэх жилээс баригдах асуудал яригдаж магадгүй. Тиймээс аймаг, сумдын жижиг уурын зуухууд дээр нөөц цахилгаан эх үүсвэрүүд бэлтгэж байгаа. Олон цагаар цахилгаан тасрахад гал алдахгүй болох хэрэгтэй шүү дээ.

-Танай аймгийн махны үнэ, чанар ямар байгаа вэ?

-Улаанбаатарт болж буй “Өвлийн идэш-2021” арга хэмжээнд манай аймгаас сайн оролцож байгаа. Энэ жилээс орон нутагтаа “Өвлийн идэш” арга хэмжээг зохион байгуулж, цаашдаа жил бүр хэвшүүлэхийг зорьж байна. Малчдаасаа ченжийн нэмэлт үнэгүй цэвэрхэн чанартай махаа авна. Мөн аймгийн 18 сумаас тус бүр 2-3 аварга малчинг шалгаруулж, “Өвлийн идэш” арга хэмжээнд тэднийг оролцуулах асуудлыг ярьж байна. 50 сая төгрөгийг төсөвт суулгаж, хавар хямд үнээр нөөцийн мах гаргах ажлыг бид уламжлал болгон хийдэг. Ингэснээр 30-40 тонн нөөцийн махыг хоёр сар орчим хямд үнээр борлуулдаг.

-Хэнтий аймагт сүүлийн өдрүүдэд ямар томоохон үйл явдлууд болсон бэ?

-Хэнтий аймгийн нутгийн захиргааны есөн байгууллагын 71 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia” системд нэгдлээ. Саяхан манай аймагт спорт бүжгийн холбоо байгуулагдлаа. Бүжгийг спортын хэмжээнд хөгжүүлэхэд зүүн таван аймгаас бүжиг сонирхогч, холбоодууд ирж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ч холбооны үйл ажиллагаанд оролцсон. Бүжгийн спорт хүмүүсийн төлөвшил, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд хэрэгтэй. Бид 102 байгууллага дээр Эцэг, эхийн зөвлөл байгуулж, цаг үеийн нөхцөл ямар байгааг ярилцаж, авах арга хэмжээ зэргээ ч ярилцсан. Худалдааны салбарын 100 жилийн ойн хүрээнд ажлууд зохион байгуулсан. Жилийн эцэс болж байгаа учраас төрийн байгууллагуудаа ямар нэг өр авлагагүй оноо угтах талаас нь ажиллаж байна.

М.ТУЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
5409(64.119.22.116) 2021 оны 12 сарын 16

ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

0  |  0
Top