ОЛОН ӨНГӨ: Шинэ жил

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 19

Хил хаалттай, бараа бүтээгдэхүүн хомсдолтой байгаа боловч нийслэлийн хэдэн дэлгүүр, худалдааны төвийг хүүхнүүд л дүүргэж байна. Гоёлын даашинз, аятайхан хослол хайсан эмэгтэйчүүд таалагдах юм олдохгүй хошуугаа унжуулчихсан яваатай нь ч таарлаа. Хөөрхөн юм аа. Цаг үе ямар ч хэцүү байсан хүн гэдэг амьтан баярлах дуртай байдаг аж. Түүнээс биш хоёр жил хөл хорионд орсон, ажлын байр, цалин хөлс буурчихсан, элдэв импортын бүтээгдэхүүн тасалдсан үед “Юун баяр ёслол вэ” гээд сууцгааж байж болно шүү дээ.

Гэтэл манайхан бүгд л “Танай шинэ жил хэзээ вэ”, “Манай шинэ жил тэдэнд болно” гэсээр л уулзаж байна. Ялангуяа эмэгтэйчүүд шинэ жилд онцгой ач холбогдол өгдөг. Монгол оронд гоёлын даашинз өмссөн, оргилуун дарс гартаа барьсан сайхан хүүхнүүд тас тас хөхрөлддөг орой арванхоёрдугаар сард л нэг удаа тохиодог. Үнсгэлжингийн үлгэрт нэг охиныг “Шөнө дундаас өмнө цэнгүүнээс гарах ёстой шүү” гээд шидэт эмээ хувиргаад явуулчихдаг даа.

Манай хүүхнүүд нийтээрээ яг л тийм харагддаг билээ. Ер нь тэгээд манай монголчуудын баяр ёслол бол барууны соёлтой адилгүй. Бид чинь нийтээрээ элдэв хүлээн авалт, ёслолын арга хэмжээнд тэр болгон дадаагүй хүмүүс. Бидний баяр гэвэл хамаатан саднаа мэдэлцэх, эрийн гурван наадам хийх, уул овоо тахих л байж иржээ. Тийм ч болохоор “Мартын 8”, “Шинэ жил” гэх баярууд эмэгтэйчүүдийн хүсэлтээр жил бүр улам нүсэр том болдог болчихоод байгаа юм. Уламжлалт баяр болгон нь идэж уух, эрэгтэйчүүдээ хүндлэхтэй холбоотой болохоор ганц хоёр баяр нэмэгдэхэд муу юм гэж юу байх вэ дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top