Монгол "үлэг гүрвэл" НҮБ-ын индрээс уриалга гаргалаа

2021 оны 12 сарын 17

Монголоос очсон аварга "үлэг гүрвэл" НҮБ-ын индэр дээр дэлхийн удирдагчдад "Устаж үгүй болох сонголтыг бүү хий" хэмээн уриаллаа.

Хүний хэлээр ярьдаг нэгэн аварга үлэг гүрвэл НҮБ-ын төв оффист дэлхийн удирдагчдаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг шаардсан тухай Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс (НҮБХХ) гаргасан богино киног НҮБХХ-ийн "Устаж үгүй болох сонголтыг бүү хий" (Don’t Choose Extinction) кампанит ажлын хүрээнд олон нийтэд хүргэж байна.

(Улаанбаатар хот, 2021 оны 12-р сарын 13)


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы танхимд Дэлхийн олон удирдагчид түүхэн чухал илгээлтээ хүргэж байхад үлэг гүрвэл нэвтрэн орж, айдас, гайхшралд автсан олон улсын төлөөлөгчдөд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд “Шалтаг хэлээд суух цаг биш, харин өөрчлөлт хийх цаг иржээ.” хэмээн анхаарууллаа. 

Тэрээр “Үлэг гүрвэл бид нарыг аварга солир устгасан” гэж 70 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн мөхлийг дурдан “Энд ярьж байгаа шалтаг юу гэнэ ээ?” гэж асуув. 

НҮБХХ-ийн төв оффисоос хэрэгжүүлж буй ‘Устаж үгүй болох сонголтыг бүү хий’ кампанит ажил нь төсвийн хөрөнгийг малтмал түлшний татаасанд зарцуулснаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг хэрхэн удаашруулж, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж байгаа талаар анхааруулах зорилготой.  

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс тус кампанит ажлын хүрээнд хийгдсэн судалгаагаар дэлхийн хэмжээнд жил бүр дунджаар 423 тэрбум ам.долларын төсвийн хөрөнгийг малтмал түлш буюу нүүрс, газрын тос зэргийг ашиглан  цахилгаан, дулаанаар хангах татаасанд зарцуулж байгааг илрүүлсэн.

Энэ хэмжээний төсвөөр дэлхийн хүн бүрийг КОВИД-19 вирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулах боломжтойгоос гаднa уг хөрөнгө дэлхийн ядуурлыг бууруулахад шаардлагатай төсвөөс 3 дахин их юм. 

НҮБХХ  дэлхийг хамарсан тус компанит ажлыг Монгол Улсад хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй  байгалийн гамшигт үзэгдэлд олон нийтийг анхаарлаа хандуулахыг уриалж байна.  Монгол Улсад сүүлийн 70 жилийн хугацаанд жилийн дундаж агаарын температур 2.4 градусаар буюу дэлхийн дунджаас 2 дахин эрчимтэй нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эрсдэлтэй орны нэг болж байна. Дэлхийн дулаарлаас үүдэн хуурайшилт,  байгалийн гамшигт үзэгдэл, ой хээрийн түймрийн тохиолдол нэмэгдэж, мөнх цэвдэг хайлах, усны нөөцийн хомсдол үүсэх эрсдэл бий болж байна.  Эдгээр нөхцөл байдал хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, хот суурин газар руу шилжих хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнээс үүдсэн эрчимтэй хотжилт нь эргээд агаар, орчны бохирдлыг их хэмжээгээр үүсгэж байна.  

“Устаж үгүй болох сонголтыг бүү хий” аяны хүрээнд Монгол Улс дахь НҮБХХ сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийг боловсронгуй болгох, байгальд ээлтэй эрчим хүч, дулааны эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалж байна. 

Кампанит ажлын хүрээнд гаргасан богино кино малтмал түлшний татаас болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нарийн, техникийн асуудлыг олон нийтэд энгийнээр ойлгуулахыг зорьжээ. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн компанит ажлын бичлэгийг салбартаа тэргүүлж, нэр бүхий олон шагнал хүртсэн Активиста Лос Анжелес (Activista Los Angeles) компани, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн илтгэлийг бичиж байсан Давид Литт  (David Litt) болон “James Bond”, “Guardians of the Galaxy”, “Avengers Endgame” киног найруулсан Фреймсторе (Framestore) студитэй хамтран бүтээжээ. 

Богино кинонд зориулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд анх удаа компьютерын хөдөлгөөнт дүрс (CGI-Computer-Generated Imagery) ашиглан зураг авалт хийсэн бөгөөд киноны монгол орчуулгад МУГЖ И.Одончимэг дуу оруулсан байна.  

КОВИД-19-ийн цар тахлын энэ үе засгийн газруудад уур амьсгалын өөрчлөлтийн гамшгийг зогсоох томоохон боломж юм. Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд байгаль эх дэлхийгээ  хамгаалах ажил хамгийн чухал  ач холбогдолтой. Одоо л биш бол хүн төрөлхтнийг сүйрлээс аврах боломж дахиж олдохгүй. Устаж үгүй болох сонголтыг бүү хий!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top