Тусгаар тогтнолын үнэ цэн

2021 оны 12 сарын 21

Тусгаар  тогтнолын үнэ цэн гэж юу вэ? Улиг болсон асуулт мэт санагдаж магадгүй. Арга ч үгүй дээ. Тусгаар тогтнолын өдрөөр баярлаж, наргиж явдаг бидэнд хоржоонтой эсвэл хөгжилтэй асуулт мэт санагдах биз. Гэвч хамгийн эхэнд таарсан, дэргэдээ суугаа хүнээс ч асуугаарай. Тусгаар тогтнол гэж юу вэ гээд. Манжийн дарлалд байсан 200 жил, Ардын хувьсгалын ялалт, ардчилсан нийгмийн жагсаал. Үүнийг хэн бүхэн хамгийн түрүүнд хэлнэ. Бусдын хувьд энэ нь тусгаар тогтнол байж болох хэдий ч тусгаар тогтнолын өрнөл гэж хэлэх нь илүү оновчтой.

Өвгөдийн амь насаар хамгаалсан газар, тэдний хайрцаглагдаагүй бодол, хийх хүсэл тэмүүлэл, хадгалан үлдсэн соёл, өнөөдрийн нийгэм бол тусгаар тогтнол юм. Хүссэнээ хэлж, дураараа дургиж, явах газар руугаа явж, идмээр байгаа зүйлээ идэж, бодохыг хүссэнээ ч бодно. Мөн чиг жаргалтай яа. Тиймээс ч тусгаар тогтносон өдөр өнөө үеийн хэн бүхэнд зүгээр л нэгэн амралтын өдөр болон хувирсан. Зүгээр л нэг өдөр. Гунигтай биш гэж үү. Бусдын хүсээд ч олдохгүй тийм зүйл бидний хувьд зүгээр л гэх тодотголтой энгийн нэгэн өдөр болоод хувирсан явдал.

Төр иргэнээ дээдэлж, иргэн төрөө дээдэлсэн цагт тусгаар тогтнолын үнэ цэн оршдог хэмээн боддог байлаа. Үнэ цэнгүй болсон тусгаар тогтнолтойгоо бид хэр хол явахыг ч хэлж мэдэхгүй. Төр төмөр нүүрээ иргэддээ харуулсан болохоор иргэд төрдөө итгэхгүй болсон цаг. Тиймээс ч хий хоосон тусгаар тогтнолоор юу хийх вэ гэх хүнтэй нэг биш нэлээд хэдэн удаа таарсан сан. Тусгаар тогтнол хий хоосон зүйл юм гэж үү. Иргэд төрдөө итгэхэд ганцхан зүйл л хэрэгтэй.

Энэ бол ёс зүй  Хүн чанарын хамгийн дээд хэмжээ ёс зүй юм. Ёс зүйгүй төрийн албан хаагчдаас болж төрөө гэх итгэл үнэмшил үгүй болоход нөлөөлж байх шиг. Төрийн албан хаагчдын увиагүй зан, залхуу байдал, авлигал, хээл хахууль, танил талаар төрийн албанд орох, мэдлэггүй, хүнд сурталтай хүмүүсийн цугласан шударга бус үнэлэмжийн цугларал мэт. Бүгдийг хамруулж хэлээгүй ч нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог хойно.

Хэчнээн хичээж ажилласан ч нэг хэсэг хүний овлигогүй зангаас болж хийсэн бүхий л ажил нуран унаж байгаа юм. Үүгээр тодорхойлон хэлэхийг хүссэн зүйл маань улсын хөгжлийн үндэс суурийн нэг бол төрийн алба, түүнийг бүрдүүлэгч чанартай төрийн албан хаагчдыг ажиллуулах явдал. Хэн нэгэн даргын төлөө бус ард түмэндээ үйлчилдэг, төрийн төлөө зүтгэдэг тийм л хүмүүсийг иргэд хүсдэг. Тиймээс ч ёс зүйн талаар цухуйлгаж байгаа юм.

Чадваргүй хүн олон жил төрийн албанд ажилласны эцэст тушаал дэвшсэнээс илүүтэй чадварлаг залуу ажилтанг ажилласан жил харгалзалгүйгээр тухайн тушаалд ажиллуулах нь дээр биш гэж үү. Наад зах нь чадварлаг боловсон хүчинг үнэлдэггүй, ёс зүйгүй төрийн албан хаагч төрийг төлөөлөн гэж бодохоор хэнд ч итгэл үнэмшил төрөхгүй.

Тиймээс ч “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай” болон “Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай” хуулийн төслүүдийг сайшаамаар байна.

Аль ч намын үзэл суртлыг дэмждэггүй хүний хувьд ёс зүйн хэм хэмжээнд тулгуурласан ийм төрлийн хуулийг батлах нь дээрх асуудлыг шийдэх гол түлхүүр. Нөгөө талаас ёс зүйг “код”-лох нь буруу зүйл мэт хэдий ч олон улсын жишгийг харвал манай улсын хувьд зайлшгүй байх шаардлагатай гэж боддог.

Тэр тусмаа төр иргэн хоорондын итгэлцэл тасарсан энэ үед нэгэндээ боломж олгох гарц ч байж мэднэ. Үүнтэй холбоотой хэд хэдэн улсыг дурдах нь зүй ёсных. Япон, Их Британи гэх мэт улсад төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль байдаг нь төрийн нэр хүнд хийгээд төр иргэний харилцааны гүүр болдог. Хүчирхэг төр ч үүнтэй холбоотой байж мэднэ.

Бодож явснаас оролдсон нь дээр. Ярьж явснаас хийсэн нь дээр. Бид нэг өдөр, нэг сар, нэг жилийн дотор төрийн албаны ёс зүйг сайжруулж чадахгүй. Гэвч модыг суулгасан цагт ургах нь цаг хугацааны асуудал. Тиймээс цаг хугацаа л энэхүү ёс зүйн агуулга бүхий хуулийг нийгэмд хэрхэн ургаж буйг харуулна. Гагцхүү ёс зүйн энэхүү модыг хатаж үхэх, хортон шавжнаас хамгаалахын тулд хүн нэг бүр хамгаалах хэрэгтэй.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хх(103.57.92.187) 2024 оны 11 сарын 24

Гоё

0  |  1
Нууц кк(202.55.188.88) 2024 оны 12 сарын 01

Мундаг байна гоё гоё мэдээлэлийг улам ихээр түгээгээд яваарай

6  |  0
Нууц (202.55.188.122) 2024 оны 11 сарын 23

Гоё бичсэн

3  |  3
Нууц(59.153.114.42) 2024 оны 11 сарын 21

Гоё болсон байнаа бие даалтан дээрээ бичнээ

5  |  0
Nuutshd xx(66.181.160.70) 2024 оны 11 сарын 21

Mash goy bicsn bnn bi umnun iim zvil xarj sonsoj bsangqe vnxeer ix setgel xudluluu griin daalgwrta bicijle xx

6  |  0
Nuuts kk(122.201.31.81) 2024 оны 11 сарын 20

Goy bichsen baina.\nBi eniig daalgavarta hiilee kk

5  |  0
1234(64.119.29.63) 2024 оны 11 сарын 20

үнэ цэнэ гэж бичдэггүй юм уу\n

11  |  9
Top