Баянхонгор аймгийн Галуут сум нь 2021-2022 онд “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хэрэгжилтийн талаар болон цаг үеийн асуудлаар тус сумын Засаг дарга А.Батбаяраас тодрууллаа.
-Баянхонгор аймгийн Галуут суманд иргэдийн оролцоотой “Сумын төвийн шинэчлэл” төслийг энэ оноос хэрэгжүүлж байна. Энэхүү төслийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулна уу. Үүнд хэдэн төгрөгийн төсөв баталсан бэ?
-Иргэдийн оролцоотой “Сумын төвийн шинэчлэл" төсөл тус суманд 2021-2022 онд хэрэгжиж байна. Энэ төслийн нийт өртгийг таван тэрбум төгрөгөөр баталсан. Төслийн хүрээнд энэ жил цэвэр усны болон халуун усны шугам хоолойн ажлыг эхлүүллээ. Ирэх жил энэ төслийн хүрээнд хоёр цэцэрлэгт хүрээлэн, цэвэрлэх байгууламж, цэвэр усны нөөцийн усан сан, хоёр км-ийн урттай явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэгтэй засмал зам тавигдана.
Төсвийн бүх байгууллагууд цэвэр болон бохирын шугаманд холбогдоно. Энэ төсөл нь иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэх зорилготой. Бид энэ төсөлтэй уялдуулан иргэдээс ирсэн саналд тулгуурлан 75 өрхийн хашааны газрын асуудлыг шийдвэрлэн шинэ суурьшлийн бүсэд 50 өрх хашаагаа нэгдсэн нэг дизайнаар бариулсан.
-Сумын төвд хашаандаа халуун, хүйтэн устай тохилог байшинд амьдрах боломж бүрдэж байна гэсэн үг үү?
-Орон нутгийн хөгжлийн санхүүгийн хөрөнгөөр энэ 50 өрхийн тог цахилгаан, гудамжны гэрэлтүүлгийн асуудлыг бүрэн шийдсэн. Энд хоёр ч гудамжны халуун, хүйтэн усны шугам орсон учир иргэдийн өөрсдөөс нь шалтгаалах асуудал үлдсэн. Хашаандаа тохилог байшин бариад байранд амьдарч байгаа юм шиг тав тухтай амьдрах боломж бүрдэж байна. Мөн суманд хоёр аж ахуйн нэгж орон сууц барих хүсэлтээ ирүүлж газрын асуудал шийдэгдсэн тул ирэх жилээс 24 айлын орон сууц баригдана. “Сумын төвийн шинэчлэл” төслийн гүйцэтгэгчээр “Алегро Таун” ххк шалгарлаа.
Бид ирэх жил хийгдэх бүтээн байгуулалтын ажилд сумандаа амьдардаг ажил хөдөлмөр эрхлээгүй залуучуудаа түр ажлын байраар хангах, ажилтай орлоготой болгох зорилт тавин гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Манай сум 4182 хүн амтай, нийт хүн амын 575 хүн бүюу 24 хувь нь 18-35 насны залуучууд.
-Галуут сумын тухайд Ковид-19-ийн халдвар хэр байна вэ. Иргэдийн хэдэн хувь нь III тунд хамрагдсан бэ?
-Сум орон нутгийн хөгжлийн гол асуудал эрүүл мэнд, соёл, боловсрол дээр тулгуурлан явагдах ёстой. Энэ жил Ковид-19 цар тахал гээд ажиллах нөхцөл боломж муу, эдийн засгийн хямралтай байсан хэдий ч бид сум орон нутгаараа хамтран зүтгэсний хүчинд Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай амьсгалын аппратыг “Ар Эс И” компанийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдсэн. Нийт иргэдийн 60 хувь нь III тундаа хамрагдаад байна. Сүүлийн 14 хоног халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
-Суманд сургууль, цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалт хэр хийж байна вэ?
-Улсын төсвийн хоёр тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ Соёлын төв ашиглалтад орсон. Одоо ерөнхий боловсролын сургуульд 464 хүүхэд суралцаж хоёр ээлжээр хичээллэж байгаа. Энэ жил боловсролын яамнаас 17.5 сая төгрөгөөр Үдийн хоолны төнөг төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн. Цаашид сургуульд суралцах хүүхдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор сургуулийн хичээлийн байрыг өргөтгөх шаардлага гарч байна. Дотуур байранд 45 хүүхэд амьдарч сурч хөгжиж байна. Дотуур байр, цэцэрлэгийн барилгад их засвар хийх шаардлагатай байгаа.
-Энэ онд өвөлжилт хэр байна вэ?
-Оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр тэмээ 111, адуу 217,196, үхэр 33,459, хонь 102,672, ямаа 82284, нийт 235,722 толгой мал тоолуулсан. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг наймдугаар сараас эхэлж малчид өөрсдийн хүчээр 88.6 тонн хадлан бэлтгэсэн. Сумын нөөцөд 4500 боодол өвс, 20 тонн хивэг тэжээлийн нөөцтэй байна. Манай сумын хувьд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай хангай, хээр тал хосолсон нутагтай. Уламжлалт мал аж ахуй дээрээ түшиглэн үйлдвэрлэлээ хөгжүүлэх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхээс гадна газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг барин ажиллаж байна.
А.СҮЛЕНА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )