“Ажлын байртай, мэргэжлийн чиг баримжаа олгох” өдөрлөг болов

2021 оны 12 сарын 22

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/, тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн МСҮТ хамтран “Ажлын байртай, мэргэжлийн чиг баримжаа олгох” өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав.

Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрийг ажилтай, орлоготой болгох, ажлын байраар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг дэмжих хүрээнд тус сургалтыг зохион байгуулсан байна. Өдөрлөгт Баянгол дүүргийн 18-45 хүртэлх насны ажил, мэргэжилгүй иргэдийг хамруулсан аж.

Уг өдөрлөгөөр Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн үйл ажиллагааны чиглэл, бакалавр, магистрын түвшний сургалт, харьяа МСҮТ-ийн үйл ажиллагааг сурталчилж, мэргэжлийн зөвлөгөө өгөн, мэргэжлийн ангиуддаа элсэлт бүртгэн авжээ. Дүүргийн хэмжээнд тус сургалтыг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт 60-70 иргэн оролцсон байна.

Энэ талаар дүүргийн ИТХ-ын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг мэдээлэл өгөв. Тэрбээр “Баянгол дүүрэг 231 мянга гаруй иргэнтэй. Үүнээс ажил хөдөлмөр эрхэлдэггүй тодорхой тооны иргэд бий. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй 900 гаруй иргэн байгаа гэх тоо баримт байна. Ердөө бүртгэлтэй нь шүү дээ. Бүртгэлгүй хүмүүс ч байгаа. Тэднийг ажлын байранд зуучилж, сургах зориулалттайгаар өнөөдрийн сургалтыг зохиосон. Мөн ажлын байран дээр гарах гэж буй ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох нь манай сургалт өдөрлөгийн бас нэгэн зорилго гэдгийг онцолъё” гэв.   

Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн дэргэдэх МСҮТ нь хоёр мэргэжлээр элсэлт авсан байна. Үүнд, хүний нөөцийн туслах ажилтан болон нарийн бичгийн дарга буюу албан хэргийн ажилтан гэх мэргэжлүүдийг багтаажээ. Тус мэргэжлийн хичээлүүд ирэх оны хоёрдугаар сараас эхлэх аж. Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн дэргэдэх МСҮТ компьютерийн лабораторид 10 хуруугаар шивэхээс эхлээд Монгол Улсад мөрдөж буй 29 баримт бичгийг бичиж сургах юм байна.

Нэг ёсондоо бүхий л төрлийн баримт бичгийг стандартын дагуу компьютер дээр шивж сурна гэж ойлгож болох ажээ. Мөн элсэгчдэд сарын 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох юм байна. Ингэхдээ ажилгүй, нийгмийн даатгал төлдөггүй хүмүүсийг нэг жилийн сургалтад хамруулж улмаар тэтгэлэг өгдөг журамтай аж. Нэг ээлжиндээ 30 хүнийг сургах боломжтой бөгөөд оюутны дотуур байр, спорт заал, номын сан бүхий материаллаг баазыг бүрдүүлснийг ч онцолж байлаа.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн Менежмент, хөдөлмөр, нийгэм, эрүүл аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч Ц.Ганцэцэг “Дээрх мэргэжлүүдийн ач холбогдол нь их юм. Орчин үеийн архив хөтлөлт, баримт бичгийг боловсруулах тал дээр зарим байгууллага дутагдалтай байдаг. Үүнийг мэргэжлийн дагуу манай төв заан сургах юм. Элсэлтээ хоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхэлж авна. Намрын улиралд элсэлтээ авах ёстой байлаа. Гэвч тусгай зөвшөөрөл оройтсон юм. Улмаар хаврын улирлаас элсэлтээ авахаар болсон. Нийт 30-35 кредит хичээл үзнэ. Сургалтад хамрагдсан хүмүүс мэргэжлийн үнэмлэхтэй төгсөхөөс гадна ажлын байранд шууд орох давуу талтай” хэмээв.

Энэ төрлийн сургалтад өмнө нь бүрэн дунд боловсролтой иргэд ихээр бүртгүүлж, хамрагддаг байсан бол өчигдөр бакалавр болон магистрын зэрэгтэй иргэд ч цөөнгүй хамрагдаж байсан талаар зохион байгуулагчид дурдсан юм. Учир нь сурсан боловсролоороо ажиллах боломжгүй иргэд төсөөтэй эсвэл өөр төрлийн мэргэжлийн сургалтад хамрагддаг байна. Ажлын байранд тавигдах шаардлагад компьютерийн мэдлэгийг ихээхэн шаарддаг тул нэн тэргүүнд энэ төрлийн боловсролыг олгохыг МСҮТ зорьдог аж.

Сургалтад хамрагдсан иргэдийг МСҮТ-ээс гадна Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулан ажлын байранд зуучлах боломж бүрдсэн байна. Зохион байгуулагчдын зүгээс өнгөрсөн жил тус өдөрлөгийг зохион байгуулах байсан ч цар тахлын улмаас нэг жил хойшлуулсныг дурдсан юм. Цаашдаа шат дараатайгаар энэхүү ажлыг хэрэгжүүлэх ажээ.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top