Худалдаа, үйлчилгээний салбарт НОГООН ГЭРЭЛ аслаа

2021 оны 12 сарын 23

Цар тахлаас үүдэлтэйгээр үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбарынхан бүтэн хоёр жилийг хүндхэн байдалд үдсэн.

Захын худалдааны төв, баар, зоогийн газарт ороод тэдэнд тохиолдсон бэрхшээлийг мэдрэх боломжтой бөгөөд зүйрлэвэл тэд гарцан дээр улаан гэрэлтэй учирсан мэт санагдана. “Ковид-19”-өөс болж, байнгын улаан гэрэл асаастай байсан худалдаа, үйлчилгээний салбарт ковидын гурав дахь оны босгон дээр ашгүй нэг гэрэл солигдлоо.

Он дуустал шар гэрэл асах бөгөөд шинэ оны анхны өдрөөс эхлэн нийслэл Улаанбаатар хотын худалдаа, үйлчилгээний салбарт НОГООН ГЭРЭЛ асна. Нийтдээ 74 төрлийн худалдаа, үйлчилгээг ЗӨВШӨӨРӨЛ гэх чөдөр тушаанаас салгах зоримог шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон түүний удирдлагын багийнхан гаргаж,  олон нийтэд танилцууллаа.

Уржигдар /2021.12.20/-аас хойш телевиз, радио, сайт, сонин гэсэн хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл болоод  олон нийтийн сүлжээ тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрээр амьсгалж байна.

...Дарангуйлал устаж, авлига арилж, сайн цаг ирэх нь байна.

...Нэг ч ЖДҮҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох ёсгүй.

...Хотын даргын шийдвэр No Авлига, No Хүнд суртал.

...Хөдөө орон нутагт хэрэгжүүлээсэй.

...Маш зөв, тусгай зөвшөөрөл нэрээр төрийн нэр барьсан авлига хээл хахууль жинхэнэ утгаараа бизнест асар их дарамт болдог шүү. Цуцлах хэрэгтэй ... зэрэг дэмжсэн сэтгэгдлүүд дунд “Энэ худлаа байлгүй дээ. Юм болгоныг хааж хясдаг засаг гэнэт ийм өгөөмөр болно гэдэг ёстой нар баруунаас гэдэг болж байна уу даа” гэсэн эргэлзээ, “Зөвшөөрөл авах гэж тамаа цайдаг байсан өнгөрсөн жилүүдийг бодохоор хорсол төрмөөр ч юм шиг, махаа зулгаалгуулдаг байж дээ” гэсэн гомдол цөхрөлийн аль алиныг харж болохоор байна.

Энэ бүхэн Хотын даргын шийдвэр нүдээ олсон гэдгийг батлаад байх шиг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 төрлийн худалдаа, үйлчилгээг үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг иргэд болон аж ахуйн нэгжүүдэд олголоо. Ингэснээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд жил бүр дүүргийн ЗДТГ-т үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө сунгуулах гэж дахин баримт бичиг бүрдүүлэх, дугаарлан зогсох, олон дахин ирж очин уур бухимдалд автах шаардлагагүй боллоо гэсэн үг. 

Хотын даргын шийдвэр шинэ оны эхнээс хэрэгжиж эхэлснээр:

-Эхний ээлжид 74 нэр төрлийн үйлчилгээ эрхлэгч, жижиг, дунд үйлдвэр, худалдаа  эрхлэгч 18,664 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвшөөрөл авах,  түүнийгээ жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна.

-Жилд давхардсан тоогоор 167,976 баримт бичиг  /нэг гэрээ байгуулж, эрх авахад 7-12 буюу дунджаар 9 баримт бичиг/ бүрдүүлж, цаг хугацаа, цаас үргүй зарцуулахаа болино.

-Жилийн турш нийт 191,306,000 төгрөг, үүнээс баримт бичиг бүрдүүлэх, хувилах зардалд 41,994,000 төгрөг, тээврийн хэрэгслийн зардал 149,312,000 төгрөгийг бодитоор хэмнээд зогсохгүй төрийн байгууллагууд /багадаа 3-5 хэлтэс алба/ руу ирж, очих шаардлагагүй болж байна. Үүний цаана ил болоогүй, тооцох боломжгүй олон зардал бий. Тэр бүхнийг хэмнэх, дарамт шахалтгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг доор дурдсан бүхий л салбарынхан эдлэх болно.

Төгсгөлд онцлох хамгийн чухал зүйл бол зөвшөөрөл цуцлагдсан ч Монгол Улсын хууль тогтоомж, стандарт, шаардлага хэвээр үйлчилнэ. Иргэд, аж ахуйн нэгжүүд хууль тогтоомж, стандарт, шаардлагад үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана гэдгийг тодотгох нь зүйтэй биз ээ. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БОДОЛ (66.181.181.144) 2021 оны 12 сарын 23

ОЛОН ОРОНД ОМИКРОН ХУРДТАЙ ТАРХАЖ, УЛМААР МУ-Д ТАРХАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛООД БАЙГАА ЭНЭ ҮЕД НОГООН ГЭРЭЛ ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙНАА... ОДОО ЭНД ТЭНДГҮЙ ОЛОН ХҮН ЦУГЛАЖ ШИНЭ ЖИЛ ХИЙЖ ШОУДАЖ КОВИД19 ТАРХАХ ӨНДӨР ЭРДСЭЛ БИЙ БОЛОХ НЬ ДЭЭ... МӨН ГАДНААС ИРЖ БУЙ ХҮМҮҮСЭЭС 3Х-Т ОМИКРОНЫГ БАРЬЖ ЧАДАХГҮЙ АЛДАХ ЭРСДЭЛ БНА.. ДАРГАА

0  |  0
Top