Хэдхэн хоногийн дараа хуучин оноо үдэж, шинэ жилээ угтах гэж байгаа энэ өдрүүдэд албан байгууллага, анги хамт олон, анд нөхдийн гээд төрөл бүрийн шинэ жилийн хүлээн авалтууд зохион байгуулагдсаар байна. Охид, хүүхнүүдийн дунд гоёлын даашинзны яриа хөвөрч, үс засалт, нүүр будалтын тухай хаа сайгүй сонсогдох.
Дэлгүүр, худалдааны төвүүдийн хөл хөдөлгөөн ихэсч, даашинзны эрэлд гарсан бүсгүйчүүдийн цуваа хөвөрсөөр байна. Тэгвэл энэ шинэ жилийн гоёл ямар чиг хандлагатай байгаа талаар сонирхлоо.
Нийслэл хотынхны өргөнөөр үйлчлүүлдэг Улсын их дэлгүүрээр орлоо. Хоёр давхарт нь шинэ жилийн өргөтгөсөн худалдаа дэлгэгджээ. Гэхдээ гоёлын даашинзны нэгдсэн худалдаа ховор байв. Харин гурван давхарт байрлах ноолуурын брэнд тасгуудаар үйлчлүүлэгсэд багагүй байв.
Сүүлийн жилүүдэд зарим бүсгүйчүүд хэт гялтгар, саатай, шигтгээтэй даашинзнаас илүүтэйгээр чамин тансаг 100 хувийн ноолууран хувцсаар гоёх хандлагатай болсон гэнэ.
Энэ талаар “Гурван сор кашмер”-ын худалдааны зөвлөх “Шинэ жил дөхсөн болохоор бүсгүйчүүд манайхаас нимгэн, загварлаг, гоёлын даашинзнуудыг ихээр худалдаж авч байна. Үнийн хувьд дунджаар 380-600 мянган төгрөгийн хооронд худалдаалж байгаа” гэв.
Харин Улаанбаатар их дэлгүүрийн хоёр, гурван давхрын бэлэн хувцасны тасгуудад бүсгүйчүүдийн нүдийг хужирлах маш олон төрлийн загвартай даашинз дэлгэгдсэн байлаа. Үнийн хувьд 180 мянгаас гурван сая төгрөгийн хооронд зарагдаж байсан ба төрөл бүрийн өнгө, загвар, материалтай. Сайн анзаараад харвал ихэнх загвар нь сул, бариунаасаа үл хамаарч, урт хормойтой байв.
Харин худалдан авагчдын сонголтын тухайд худалдааны зөвлөх Б.Саруул “Ихэнх бүсгүйчүүд энгийн, даруухан даашинз байна уу гэж асууж орж ирдэг ч яг авахдаа тод өнгөтэй, илүү загварлаг, шигтгээ, пластик ихтэйг нь сонгодог. Угаасаа энэ жил нэлээд нүсэр бас чимэглэл, деталь ихтэй дресс гоёлын чиг хандлагыг тодорхойлж байгаа. Худалдааныхан бид энэ чиг хандлагаа дагаад гаднаас бараа захиалж авчрахдаа тэр чиглэлийн даашинзнуудыг авчирч байна” гэлээ.
Зарагдаж байгаа даашинзнуудын дунд “Сиси” загварынх их байв. Учир нь өнөө жилийн шинэ жилээр иймэрхүү төрлийн загварын даашинз трэнд болж байгаа бололтой.
Э.Эрхэс: Контуран будалтыг бүсгүйчүүд их сонгож байна
Тэгвэл өнөө жилийн нүүр будалтын трэнд ямар байгаа талаар маке ап-артист Э.Эрхэсээс тодрууллаа. Тэрбээр “Артист бүр өөрийн гэсэн арга барилаар буддаг учраас яг тийм будалт трэнд болж байна гэсэн зүйл байхгүй. Ер нь хүмүүсийн хүсэл өөр өөр учраас тухайн хүнийхээ сонирхол дээр тулгуурлан артистаа сонгон үйлчлүүлдэг. Гэхдээ он, оны баярын болон өдөр тутмын будалт өөрийн гэсэн онцлогтой байдаг. Өмнө жилүүдэд бүсгүйчүүд уусгалттай будалт хийлгэж байсан бол энэ жил ихэвчлэн контуран будалт давамгайлж байх шиг санагдаж байна. Учир нь контуран будалт овор багатай харагдуулж нүдний хэлбэрийг маш гоё засаж өөрчилдөг юм” гэлээ. Нүүр будалтын үнийн хувьд маке ап-артистын ур чадвараас хамаараад 50 мянгаас 150 мянган төгрөгийн хооронд байгаа аж.
Н.Зулсар: Орчин үед бүсгүйчүүд өөрийн гэсэн өнгө аясыг эрхэмлэдэг болсон
Загвар зохион бүтээгч Н.Зулсараас дараах тодруулгыг авлаа.
-Жил бүрийн шинэ оны гоёл өөр, өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ жилийн хувьд ямар чиг хандлагатай байна вэ?
-Ер нь орчин үед хүмүүс нэг загварт баригдахгүй, өөрийн гэсэн өнгө аясыг эрхэмлэдэг болсон. Гэхдээ тухайн жилийн ерөнхий төлөв, чиг хандлага, тренд гэж байдаг. Энэ оны шинэ жилийн гоёлын даашинзны загварын хувьд урт хормойтой, гуя дагасан оноотой байна.
Ер нь тухайн загварын деталь ажиллагаанууд хормойн хэсэг дээр маш их төвлөрч байгаа нь ажиглагдсан.
-Тухайлбал?
-Сиси, янз бүрийн оноотой, дэрвэгэр гэх зэрэг маш олон төрлийн хормойн дээр загварынхан ажиллаж байгаа нь ажиглагдсан. Харин материалын хувьд торгон, саатай, пластиктай, шигтгээ, наамалтай гээд янз бүрийн сонголттойгоор урлаж байна гэв.
Гоёлын даашинзны чиг хандлагын хувьд энэ жил урт хормой ноёлж байгаа нь ийнхүү тодорхой боллоо. Мэдээж шинэ жилийн үдшийг гоёмсог нүүр будалтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бүсгүйчүүдийн хувьд өөр, өөрийн гэсэн өвөрмөц нүүр будалтыг хийлгүүлж шинэ жилийнхээ үдшийг чимдэг бичигдээгүй хууль бий.
Л.Солонго: Урт үс шинэ жилийн гол гоёл
Мэдээж шинэ жилийн гоёлыг үс засалт тодорхойлдог жамтай. Тиймээс Бадмаараг салоны үсчин Л.Солонгоос энэ оны шинэ жилийн гоёлын үс засалт ямар чиг хандлагатай байгаа талаар лавлалаа. Тэрбээр “Он солигдох өдөр ойртох тусам гоёлын засалтын захиалга улам нэмэгдэж байна. Манай бүсгүйчүүд энэ жилийн хувьд урт үсийг ихэд сонирхож байна.
Урт үстэй нь үсээ сул ороолгож байгаа бол богино үстэй хүүхнүүд үс залгуулах үйлчилгээг ихээр хийлгүүлж байна. Мөн нэг зүйл ажиглагдаж байгаа нь үснийхээ өнгийг их өөрчилж байна. Ихэвчлэн тод өнгөөр үсээ будуулж байгаа. Хэдэн жилийн өмнө үсний лак болон цацдаг сорыг гоёлын засалтад ашигладаг байсан. Харин одоо бол лак, сорыг бараг ашиглахаа байсан” гэлээ. Гоёлын засалтын үнийн хувьд 40 мянгаас 120 мянган төгрөгийн хооронд байв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )