Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааныг Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвөөс энэ сарын 01-20-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. Тэгвэл тус уралдааны шилдэг оролцогчдыг шалгаруулж, шагналыг өчигдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулан өглөө.
Энэхүү нийтлэл, подкастын уралдааныг энэ жил анх удаа зохион байгуулж байгаа ажээ. Эх орны өнцөг булан бүрээс төдийгүй хилийн чанадаас сэтгүүлч, нийтлэлч, чөлөөт уран бүтээлчид болон оюутнууд өөрсдийн харах өнцөг, сэтгэх оюун, илэрхийлэх мэдрэмжээ шингээсэн 100 гаруй нийтлэл, 70 гаруй подкастыг ирүүлжээ.
Нийтлэлийн төрөлд тэргүүн байрыг Монголын зохиолчдын эвлэл, МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэх “Тал нутаг дахь тэмцлийн гал” бүтээлээрээ хүртсэн бол дэд байранд сэтгүүлч Б.Баярбаясгалангийн “Ээж-Эх орон... Бид хоёрын дунд” бүтээл шалгарчээ. Харин гуравдугаар байранд “Өглөөний сонин”-ы сэтгүүлч, нийтлэлч Т.Дарханхөвсгөлийн “Тунхаглан зарласан тусгаар тогтнолоо та бид хамгаалах ёстой" нийтлэл шалгарсан бол тусгай байранд МУИС-ийн оюутан А.Амаржингийн “Тусгаар тогтнолын үнэ цэн”, сэтгүүлч Б.Оргилмаагийн “Цэг биш таслал” зэрэг нийтлэлүүд орсон байна.
Түүнчлэн подкастын төрөлд тэргүүн байрыг найруулагч Б.Өлзийбаяр, редактор А.Алтанцэцэг нарын “Реакц”, дэд байранд “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн оюутнуудын “Фокус” багийн “Тусгаар тогтнолын үнэ цэн”, гуравдугаар байранд түүхч, судлаач На.Батболдын “Чанад үйлс” бүтээлүүд оржээ. Харин Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Л.Мөнхтөр “Бүтэн”, www.zindaa.mn сайтын сэтгүүлч, подкаст хөтлөгч Н.Ганбилэг “Нарнаас том А” зэрэг бүтээлүүдээрээ тусгай байрыг эзэлсэн юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэн ач холбогдол, үнэ цэн, хувьсгалын удирдагчдын үйл хэргийг онцлохоос гадна өнөөгийн залуус шинэ зууныг өөрсдийнхөөрөө бүтээх, хүсэл тэмүүлэл дүүрэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, оюун сэтгэлгээний ондоошил, үндэсний өв соёлын залгамж зэрэг сэдвийг өргөн хүрээнд, өөр өөрийн өнцгөөр агуулга уялдааг нь тодотгосон байна.
Шагнал гардуулах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны энэхүү хувьсгал бол монголчуудын хувьд мартаж болохгүй, үргэлж санаж сэрж байх ёстой түүх юм. Энэхүү хувьсгал болсноор 1921 оны Ардын хувьсгалын эх үүтгэл болсон” хэмээн онцлон тэмдэглэсэн аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )