Шинэ он гарахад 10 хоног үлдлээ. Иргэд шинэ жилийн баяраар хүүхдүүддээ багцалж, ууталсан бэлгээс сонголт хийдэг. Иргэдийг чанарын шаардлага хангаагүй, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зах худалдааны төвүүдэд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран урьдчилан сэргийлэх хяналт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.
Хүнс худалдааны байгууллага, хүүхдийн бэлэг, баярын ширээний гол бүтээгдэхүүнд үндсэн хяналт шалгалт хийж, бараа бүтээгдэхүүний хадгалалтын горим, хугацаа дууссан бүтээгдэхүүний зөрчлийг илрүүлэн ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар 54 ААН-үүдэд шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлээд байна.
Томоохон зах худалдааны төвүүд болон захын жижиг хүнсний дэлгүүрүүдэд түүвэрчилсэн байдлаар шалгалтыг үргэлжлүүлнэ. Үүнтэй холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдийн бэлэг сонгохдоо орц найрлага, харшлах бүтээгдэхүүн орсон эсэх, сахарын агууламж, хаяг шошго, хадгалах хугацааг нь шалгаж, хадгалалтын горим зөрчөөгүй бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )