XX зууны дунд үеэс "Америкийн секс билэг тэмдэг" болсон Мэрилин Монро гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг байлдан дагуулж байсан гэдгийг хүн бүхэн мэднэ.
Хэдийгээр ажил алба, амжилт бүтээл, алдар нэрийн оргилд хүрсэн ч хувийн амьдрал, хайр дурлал нь бүтэмжгүй байсан түүний тухай өдгөө ч янз бүрээр ярьсаар ирсэн. Амьд хэр нь үхсэн мэт хүн байхад үгүй хэр нь буй мэт хүн байх.
Шаргал үст дуулиантай бүсгүйн үхлийн шалтгаан ч өдийг хүртэл таамаг хэвээр байдаг билээ. 36-хан насандаа хорвоог учир битүүлгээр орхисон түүний гоо сайхан үеийн үед мөнхөд дуурсагдан үлджээ. Хэрэв тэр 80 насалтлаа амьд сэрүүн байсан бол тэр ингэж домог болох байсан гэж үү.
Түүний хуучин нөхөр Ди Мажио Монрогийн булшин дээр үргэлж улаан сарнай аваачиж тавьдаг байв. Нөхрийг нь нас барсны дараа бүсгүйн шүтэн бишрэгчид уг уламжлалыг хадгалж, өдгөө ч түүний булшин дээр улаан сарнай тавьдаг ажээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр нэг л амьдрах хорвоод хүн өөрийн чадал чансаа, ур чадвар, гоо үзэсгэлэн, авьяас билгээр цолгорч нэрээ тамгалж, дүрээ үлдээх учиртай. Хэрэв тэгж чадахгүй бол хүн сүрэг дундахь энгийн нэгэн амьд биет болж хувирах буй за.
Дэлхий дахинд суут бүтээлээ туурвиад богинохон насалсан ч алдар нэр нь цуурайтсаар буй эрхмүүд олон. Хөгжмийн зохиолч Шопен, яруу найрагч Есенин, дуучин Элвис Пресли, Оросын алдарт дуучин, хөгжимчин, Виктор Цой, зохиолч Александр Пушкин, дуучин Фредди Меркури гээд нэрлээд байвал тоймгүй их.
Тэд гал дөл шиг насандаа гал шиг асаж, хийж бүтээж, хэлэх үгээ үлдээсэн хүмүүс. “Муу явахаар сайн үх” гэж нэг хатуу боловч үнэн үг байдаг даа. Түүн лүгээ адил хүн болж төрсөн бол хүн шиг л амьдрах хэрэгтэй. Хийж бүтээх зүйлдээ эзэн болж, сэтгэл зүрхээ шингээж, басхүү худал хуурмаггүй дахин давтагдашгүй мөнхийн байхын төлөөнөө өөрөө өөртөө л үнэнч байгтун.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Сайхан хүүхэн дээ. Шилдэг нь
хүний хорвоод хамгийн их аз жаргал бол гэр бүл юм
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй. Хэн нэгний жаргал гэж хүсэн мөрөөдсөн зүйл өөр хэн нэгэнд зовлон мэт байх болно, хүн өөрөө доллар биш учир харсан болгондоо таалагдах ч албагүй, дотоод сэтгэл гэгээн бас уужим, хайр энэрлээр дүүрэн байвал гадаад гоо үзэсгэлэн нээг их чухал биш, төрөөд үхдэг хорвоод бүх зүйл адилхан, бүх хүмүүс алдар цуутай бусдад гайхуулж амьдрах ямар ч боломжгүй, үр нь үлдэх хорвоод үнэнч шударга нүгэлгүй нэгэн байхад л бурханд ивээгдэж амьдрах болно.