Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил зүтгэсэн эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардуулах ёслол өнөөдөр /2021.12.24/ боллоо.
Энэ үеэр "Ундрал буд" ХХК-ийн захирал У.Ганхөлөг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан юм.
Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт 22 жилийн турш ажилласан түүнтэй хүндтэй шагналаа хүртсэний дараах баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Тэрбээр “Дөрвөн том хайрханыхаа өмнө хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн өндөр дээд одонгоор шагнуулж байгаад маш их баяртай байна. Би үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт 22 жилийн турш ажилласан байна. Төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог төлөөлүүлж, намайг эрхэм төрийн одонгоор шагналаа гэж бодож байна.
Тэнгэрт аав нэг одтой, энгэртэй нэг том одонтой боллоо доо. Энэ их том гавьяа, шагналыг дааж явах л үлдлээ.
Өнгөрсөн хугацаанд “Ундрал буд” компани маань барилгын материал үйлдвэрлэл болон байгаль орчин, аялал жуулчлалын салбарт төр, хувийн хэвшлээ уялдуулах чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулж байсан. Түүнийг нь нарийвчлан дүгнэвэл их зүйл яригдах байх. Цаашид төлөвлөсөн ажил ч маш их байна. Үүнийг амжилттай хэрэгжүүлэх том даалгавар үлдлээ” хэмээв.