НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн таван жилийн ой тохиож байна.
Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нь 3D танхим, бага насны хүүхдийн сургалтын танхим, газар хөдлөлтийн танхим, гал унтраах сургалт, дадлагын танхим, утаат орчноос аврах ажиллагааны танхим, анхны тусламжийн танхим, аюулгүй өрхийн танхим гэх нийт 7 танхимд түшиглэн иргэдэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг, дадлага олгож байна.
2016 онд байгуулагдснаас хойш аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж, 90 мянга гаруй иргэн, оюутан, сурагч, хүүхэд багачуудад газар хөдлөлт, гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, мэдээлэлтэй болголоо.
Газар хөдлөлт, гал унтраах, утаажилтын, өндрөөс аврах, анхны тусламжийн хэсгүүдээр тоноглогдсон явуулын автомашинтайгаар Хойд бүсийн Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Өмнөд бүсийн Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймаг, Хүүхдийн найрамдал зуслан, Орчлон дунд сургууль, Оюуны ундраа групп, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нийт 12,587 иргэнд явуулын сургалтыг зохион байгуулсан.
Мөн гамшгаас хамгаалах анхан шатны сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчид бусаддаа гамшиг, ослын тухай ойлголт мэдээллийг хүргэх, нөлөөллийг бий болгох зорилгоор “Сургагч сурагч” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Энэ хүрээнд 2019, 2020 онуудад 6 ерөнхий боловсролын сургуулийн ахлах бүлгийн 60 сурагчийг сонгон хамруулж, тохиолдож болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хэрхэн хангах дадлага хичээлийг зохион байгуулж, сурагчдад батламж олголоо.
БСШУЯ-ны харъяа Насан туршын боловсролын төвийн Чингэлтэй дүүрэг дэх салбар төвтэй хамтран “Аюулгүй амьдрах ухаан” теле сургалтын хүрээнд “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах нь”, “Газар хөдлөлтөөс сэргийлэх тухай” “Аюлугүй өрх” сэдвээр теле хичээл бэлтгэн хүргэсэн ба ерөнхий боловсролын сургуулийн бүх хүүхдэд нээлттэй болгон econtent.edu.mn хуудсанд байршуулан ажиллалаа.
Түүнчлэн “Жайка” ОУБ- аас 2019 онд газар хөдлөлтийн сургалтын танхимын чичирхийллийг биеэр мэдрүүлэх төхөөрөмж, мэдээллийн 8 ширхэг самбарыг, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалыг, Монголын улаан загалмай нийгэмлэгээс танхимын засварын ажлын төсөвийг санхүүжүүлэн бүрэн шинэчиллээ гэж НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )