Дэлхий дахинд 2021 онд болсон онцлох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 03

АНУ түүхэндээ анх удаа 78 настай Ерөнхийлөгчтэй боллоо

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон нь энэ оны анхны онцлох үйл явдал байлаа. Өдгөө 78 настай Жо Байдены хувьд тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч болж байгаа бол Камала Харрис нь анхны эмэгтэй бөгөөд өнгөт арьст, Ази гаралтай дэд Ерөнхийлөгч болж байгаагаараа онцлог юм.

Германы төрийг хамгийн олон жил барьсан Ангела Меркель улс төрийг орхив

Германы төрийн эрхийг хамгийн олон жил барьсан Ангела Меркель улс төрөөс явах болсон нь энэ онд олон улсын анхаарлыг ихээр татсан юм. Түүнийг үдэх ёслол арванхоёрдугаар сарын 2-нд  болсон бөгөөд цар тахлын улмаас энэ ёслолд цөөн хүн оролцсон байна. Цэргийн үлээвэр найрал хөгжим бүхий ёслолоор Меркелийг үдсэн бөгөөд энэ төрлийн ёслолыг Холбооны Ерөнхийлөгч, Канцлер, Батлан хамгаалахын сайд албан тушаалаа орхих, тэтгэвэрт гарах үед л зохион байгуулж, хүндэтгэл үзүүлдэг аж.

Хүний тархийг утасгүйгээр компьютерт холболоо

Браун их сургуулийн эрдэмтэд дэлхийн түүхэнд анх удаа хүний тархийг утасгүйгээр компьютерт амжилттай холбожээ. Эрдэмтэд 35, 65 настай хоёр эрийг оролцуулан бүтээсэн "braingate" технологийнхоо клиник туршилтыг хийсэн байна. Туршилтад оролцсон эрчүүдийн тархийг компьютерт холбон курсор хөдөлгөн програм идэвхжүүлэх, юм бичих зэрэг үйлдэл хийлгэж үзсэн аж. Туршилтад оролцсон хоёр эр тархиа компьютерт холбосныхоо дараа гараар бичиж буй хурдтай ижил хурдаар үг, өгүүлбэр зэргийг бичиж чадаж байсан гэнэ. Мөн мэргэжилтнүүдийн дүгнэснээр дээрх төхөөрөмжийг ашиглан тархиа компьютерт 24 хүртэл цаг холбоход ямар нэг сөрөг үр дагаваргүй аж.

Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт болов

Парисын хэлэлцээрээс хойш зургаан жилийн дараа Шотландын Глазго хотноо COP26 /26th Conference of the Parties/ буюу уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 26 дахь чуулган боллоо. Өндөр дээд түвшинд болсон Глазгогийн уулзалтын гол зорилго бол дэлхийн дулаарлын эсрэг тэмцлийн явцад үнэлэлт дүгнэлт өгөх,  эрчимжүүлэх  юм.

Хятадын Коммунист намын 100 жилийн ой боллоо

Хятадын эрх баригч Коммунист намын 100 жилийн ойн баярын арга хэмжээ өнгөрсөн долоодугаар сарын 1-нд  цэргийн сөнөөгч онгоцны үзүүлбэр, ёслолын буудлага, эх орны сэдэвт дуу хуураар эхэлсэн. Коммунист намын удирдлагууд энэ өдөрт эртнээс бэлдэж, өнгөрсөн 100 жилийн түүхэн дэх ололт амжилтуудаа магтан дуулж, сурталчилсаар өнөөдрийг хүрчээ. Мөн энэ өдөр Хонгконг Их Британийн нэгдсэн вант улсын захиргаанаас Хятадын мэдэлд шилжээд 24 жил болж буй түүхэн өдөр давхацсан билээ.

Сальвадор биткойныг үндэсний мөнгөн тэмдэгт болгосон анхны улс болов

Сальвадор есдүгээр сард биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах хуулийг баталсан. Шинэ хуулийн дагуу иргэд худалдан авалт, татвар төлөлт гээд бүхий л төлбөрөө биткойноор хийх боломжтой болно. Тус улсын Ерөнхийлөгч Наиб Букеле энэ хуулийг санаачилсан бөгөөд "Банкаар үйлчлүүлэх боломжгүй, гадаадаас мөнгө шилжүүлмээр байгаа ч чадахгүй байгаа иргэдэд энэ өөрчлөлт тусална" хэмээж байв.

Токиогийн олимп цар тахлын улмаас хойшилж, Японы 100 дахь Ерөнхий сайд сонгогдлоо

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” олимп, паралимпын наадам Японы нийслэл Токио хотноо долоодугаар сарын 7-ноос наймдугаар сарын 8, наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Токиод онцгой байдал тогтоосон хугацаанд зохион байгуулсан зуны наадмын үеэр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталсан бөгөөд наадамтай холбоотой халдварын нийт 800 гаруй тохиолдол бүртгэгдсэн юм. Японы Ерөнхий сайд асан Сүга Ёшихидэ цар тахалтай тэмцэх ажилд бүрэн төвлөрөх хүсэлтэй байгаа тул есдүгээр сарын 29-нд болох эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү Либерал Ардчилсан намын даргын сонгуульд Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио ялалт байгуулж, аравугаар сарын 4-ний өдөр 100 дахь Ерөнхий сайдаар сонгогдсон.

Түүхэндээ анх удаа Африк гаралтай  мөн эмэгтэй хүн Дэлхийн худалдааны байгууллагыг тэргүүлэхээр болов

Нгози Оконжо-Ивеала өнгөрсөн гуравдугаар сард Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүнээр сонгогдсон билээ. Ингэснээр тэрбээр энэ албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй төдийгүй Африк тивээс Дэлхийн худалдааны байгууллагыг тэргүүлсэн анхны хүн болсон. Америкийн иргэншилтэй Нгози Оконжо-Ивеала Нигерийн Сангийн сайдаар хоёр удаа, мөн Гадаад хэргийн сайдаар богино хугацаанд ажиллаж байсан. Тэрбээр карьерынхаа ихэнх хугацааг Дэлхийн банканд өнгөрөөсөн бөгөөд хоёр дахь чухал албан тушаал болох гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байв.

Дархлаажуулалт эрчимжсэн ч цар тахал хүрээгээ тэлсээр

Вакцинтай болсноор цар тахал дуусна гэсэн үг биш гэдгийг энэ жил бидэнд  санууллаа.  Есдүгээр сар гэхэд ихэнх хөгжингүй эдийн засагтай орнуудад вакцинжуулалт амжилттай хэрэгжиж хүн амынхаа дийлэнхийг дархлаажуулсан ч КОВИД-19-ийн шинэ хувилбарууд тархаж, дэлхий даяар өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурахгүй хэвээр байна.  КОВИД-19-өөр халдварласан хүний тоо дэлхий даяар 279 саяд хүрч, 5.4 сая хүн нас бараад байна.

Афганистан талибуудын мэдэлд шилжив

2021 онд АНУ болон НАТО-гийн цэргүүд Афганистаныг орхин гарч эхэлснээр тус бүс нутагт нөхцөл байдал хурцдав. Америкийн цэргүүд гарч эхэлснээс эхлэн  Афганистаны Засгийн газрын цэргүүдтэй тулалдаж эхэлсэн талибууд ээлж дараалан стратегийн гол цэгүүдийг эзлэн, улмаар наймдугаар сарын 15 гэхэд нийслэл Кабулд тулж ирсэн юм. Ингээд тэд зэвсэггүйгээр Кабулыг эзлэн авч, Ерөнхийлөгчийн ордон дээр тугаа мандуулав. Энэ зуур тус улсын Ерөнхийлөгч асан Ашраф Гани хэдийнэ ойрын хүрээллийнхний хамт эх орноосоо зугтсан байлаа. Ийнхүү Афганистаныг дахин хяналтдаа оруулсан талибууд өдгөө Засгийн газраа эмхлэн байгуулж, олон улстай харилцаа холбоо тогтоохыг хичээн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top