Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагуудаас Нийслэлийн агаарын чанарын талаар мэдээлэл хүргэх үеэр "Таван Толгой Түлш" ХХК-ийн үйл ажиллагаа, шахмал түлшний түүхий эдийн нөөцийн талаар мэдээллийг өглөө. "Таван Толгой Түлш" компани одоогийн байдлаар шахмал түлшний барьцалдуулагч бодисын 20 хоногийн нөөцтэй байгаа аж.
Энэ талаар "Таван Толгой Түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек "Манай компани Нийслэлийн 200 гаруй мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар өдөрт Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн түлшний хэрэглээний эрэлт, нийлүүлэлттэй нийцүүлэн 3200 тонн түлш үйлдвэрлэж, төдий хэмжээний тонн түлшийг түгээж ажиллаж байна. Ард иргэдийг тавтай өвөлжүүлэх ажлын хүрээнд 426 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд буюу эрчим хүчний баяжуулсан нүүрсийг нөөцлөөд байна. Энэ нь энэ өвлийг давахад хангалттай хэмжээний гэж үзэж байгаа. 2400 тонн орчим барьцалдуулагч эдийг нөөцлөөд байна. Энэ нь 20 орчим хоногийн нөөц гэсэн үг. Зам-Үүдээс 32 вагон гарсан байгаа. Харин Эрээнд 149 вагон ирсэн байна. Шахмал түлшний шуудай болон түүхий эдийг галт тэргээр татан авах ажлыг хийж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )