Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтан, албан хаагч, мэргэжилтнүүд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад 78 албан хаагч оролцов. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ үзүүлж буй 26 байгууллага бий. Тэдгээр байгууллагын төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцож, тулгарсан асуудлаа хэлэлцсэний дээр ойлголтоо нэгтгэсэн юм. Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өгч, мэргэжилтнүүдийн асуултад хариуллаа.
Нийслэлийн хэмжээнд 74 нэр төрлийн үйлчилгээг зөвшөөрлөөс чөлөөлөх захирамж гарч буй цаг үе нь Засгийн газраас эдийн засгийг сэргээх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, авлига, хүнд суртлыг бууруулах бодлоготой цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь тааламжтай хэрэг гэдгийг ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ онцолсон. Уулзалтын үеэр мэргэжилтнүүдийн асуусан асуулт болон хариултаас товч хүргэе.
Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа:
-Манай байгууллагын хувьд тусгай зөвшөөрөл өгдөггүй. Гэхдээ Засгийн газрын тогтоолыг үндэслэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн авч, үнэлэлт өгдөг. Тэгэхээр тусгай зөвшөөрөл өгдөггүй хэр нь тэр хэрийн бичиг баримт бүрдүүлж, мэргэжлийн дүгнэлт өгөх тухай Засгийн газрын тогтоолыг эргэн харах нь зүйтэй болов уу. Хоёрдугаарт, зөвшөөрөл цуцлагдсан үйлчилгээн дунд модны захуудыг багтаасан. Модны захуудаар хяналт шалгалт хийх тухай сайдын тушаал бий. Бид хяналт шалгалт хийхгүй зогсоох юм бол шалгалт явуулсан гэх биелэлтийн заалт гарахааргүй болж байгаа юу?
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:
-Эхний асуултын хувьд би тантай санал нэг байна. Ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг БОАЖЯ өгдөг хэр нь мэргэжлийн дүгнэлтийг нийслэлээс олгоно гэдэг нь зохимжтой шийдэл биш. Тиймээс үүнийг яам нь хянаад, зөвшөөрөл олгодог болох нь зүйтэй юм.
Хоёрдугаарт, хяналт шалгалт огт байхгүй болно гэсэн үг биш шүү. Нутгийн захиргааны байгууллага хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг үүрэг нь хэвээр. Модны зах ажиллуулах стандартад хяналт тавих, Ойн тухай хуульд хяналт тавих ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Хяналт тавихын сацуу зөвлөн тусалдаг чиг үүрэг хэвээр байгаа гэдгийг хаана хаанаа ойлгох ёстой.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн:
-Манай байгууллага НИТХ-ын тогтоолын дагуу нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоолын төлбөр хураамжийг авдаг. Сая гарсан захирамжтай холбоотойгоор иргэд “Бид танай байгууллагатай гэрээ байгуулж, мөнгө төвлөрүүлэхгүй гэж ойлгосон, зөв үү” гэж их асууж байна. Үүнд ямар хариу өгөх вэ?
Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:
-Гэрээ, батламж, эрх олгох зэрэг нь цөм зөвшөөрлийн шинжтэй зүйл. Тэгэхээр зөвшөөрөл авахгүй нь гэж ойлгогдож болно. Гэхдээ авто зогсоолын хувьд газар бол төрийн өмч. Дээрээс нь авто зогсоолын стандарт гэж бий. Газар эзэмших, ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгож байгаа. Тиймээс захирамжид нөхцөл шаардлагыг тодорхой болгоод үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болох юм гэсэн хариултыг өглөө.
Нутгийн захиргааны байгууллагууд хуулиас давсан шийдвэр гаргах ёсгүйн дээр нийслэлийн харьяа газар, алба агентлагууд Засаг даргын захирамжийг завсар хийдэлгүй, буруу зөрүү ойлголтгүйгээр бүх шатанд хэрэгжүүлэхийн чухлыг уулзалтын үеэр тодотгож байлаа. Захирамжийн дагуу нийслэлд Жижиг, дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах орон тооны зөвлөл байгуулагдсан бөгөөд энэхүү зөвлөлд нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдаас гадна МҮХАҮТ болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл багтжээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 1 )
одоо монголчууд жинхэнэ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болно доо....... түшмэдүүд хачин замбараагүй байдал үүсэхийг урьдчилж харсан болов уу?????