Амь дүйсэн онцгой нөхцөл байдалд иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн, Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан баатарлаг үйлстэнүүдийг алдаршуулах зорилгоор “Онцгой байдлын Онцгой үйлстэн” шагналыг энэ оноос олгож эхлээд байна.
Салбар салбар дахь оны шилдгүүдийг тодруулж буй энэ цаг үед “Онцгой байдлын Онцгой үйлстэн” шагналыг хоёр баатарлаг эрхэмд нөхөн олгосон нь 2020 онд Туул голын усанд живж байсан 13 настай охиныг аварч, өөрөө амь эрсэдсэн Э.Эрдэнэжаргал агсан, мөн 2015 онд цасан шуурганаар дүүгээ хамгаалж, өөрөө амь насаа алдсан С.Золжаргал нар байв. Онцгой үйлстэнүүдийн энэхүү хүндтэй шагналыг Монгол Улсын Шадар сайд гардуулан өглөө.
Онцгой байдлын байгууллагаас ар гэрийнхэнд нь иж бүрэн тавилгатай таван ханатай өргөө цагаан гэр, гурван сая төгрөг олгохоор шийдвэрлэснийг мөн энэ өдөр эздэд нь олгосон юм. Болсон явдлын талаар эргэн сануулахад, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн иргэн Э.Эрдэнэжаргал нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Б.Цолмонгийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг руу явах замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр багийн “Гүүрний ам” гэх газарт Туул голд живж байсан 13 настай С.Жаргалмаа охины амийг аварч, өөрөө усанд живж амь насаа алдсан юм. 2015 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаярын 7, 5 настай хоёр охин цасан шуурганд төөрч, 7 настай эгч С.Золжаргал нь эцсийн мөч хүртэл дүүгээ хамгаалаад өөрөө амь эрсэдсэн билээ. Охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ давхарлан өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа тайлж өмсгөн, шуурганаас дүүгээ нөмөрлөн тэвэрсээр амьсгал хураасан байдаг.
Амь, амьдралаа бусдын төлөө зориулсан сайхан сэтгэлт, баатарлаг үйлстэнүүдийн үлгэр дуурайл, үйлс бүтээлийг мөнхжүүлэх үүднээс “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналыг бий болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )