Засгийн газар 2022.01.06-нд ээлжит бусаар хуралдаж, шинээр байгуулж буй Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтцийг батлав.
Эдийн засаг, хөгжлийн яам долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байхаар тогтжээ.
Засгийн газраас шинэ яамдын бүтцийг батлахтай зэрэгцэн тэдгээрийг хэн удирдах нь олон нийтийн анхаарлын төвд байсан. Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хавсран хариуцахаар болжээ.
Ийнхүү Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар олон нийтийг төлөөлсөн УИХ-ын гишүүнээс гадна тус тус хоёр яам толгойлсноор гурван давхар дээлтэй сайд болов.
Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Х.Батжаргалыг томилсон байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын албыг хашиж байсан Б.Болор-Эрдэнийг томилсон байна.
Гэвч Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нар Төрийн нарийн бичгийн даргад томилогдсон даруйдаа шүүмжлэл дагуулж эхлэв. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн албаны зэрэглэлийн дагуу тэргүүн түшмэлд хамаардаг. Хуулиараа уг албан тушаалд томилогдох албан тушаалтан төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд буюу газрын даргаар наймаас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх ёстой.
Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарын аль аль нь Төрийн албан тухай хуульд заасан уг шаардлагыг хангахгүй байгаа. Түүгээр зогсохгүй өмнө нь ажиллаж байсан агентлагийн даргын албан тушаалд ч түр орлон гүйцэтгэгчээр очиж байжээ. Засгийн газраас 2020 оны долдугаар сард Б.Болор-Эрдэнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилж байв. Харин Х.Батжаргалын хувьд төрийн албанд 2014 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байна.
Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сард Х.Батжаргалыг Үндсэн хөгжлийн газрын даргаар томилж байлаа. Өчигдрийн хуралдаанаар тэднийг Төрийн нарийн бичгийн даргаар томилсонтой холбогдуулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг татан буулгав. Сонирхуулахад, шинээр бий болж буй Эдийн засаг хөгжлийн сайд энэ онд 314 тэрбум төгрөг зарцуулах бол Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын төсөв 44.5 тэрбум төгрөг байх аж.
Д.ДУЛМАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ЦХХХЯ байгуулагдсанд баяр хүргэж амжилт хүсье.Төрийн н/б-гийн даргаар томилогдсон Б.Болор-Эрдэнэ дарга болон хамт олонд нь ажлын амжилт хүсье.