1.6 сая хүн ҮНЭРЛЭХ мэдрэмжээ алджээ

2022 оны 01 сарын 10

Дэлхий дахинаа ковид тархаад хэдийнээ хоёр жилийг үдээд байна. Энэ хугацаанд шинж тэмдэг болон халдварлах чадвар, хоруу чанар зэрэг нь өөрчлөгдөж ирсэн бөгөөд дийлэнх хүмүүс амтлах чанар болон үнэрлэх чадвараа алдаж байсан. Харин ийнхүү биед гарсан өөрчлөлт нь урт хугацааны туршид хадгалагдаж байна.

Тухайлбал АНУ-ын нийт хүн амын 1.6 сая нь үнэрлэх чадамжаа хүнд хэлбэр хүртэл алдсан гэх судалгааг Чикагогийн Их сургуулийн эрдэмтэд гаргажээ. Эдгээрээс өндөр настнууд дийлэнх хувийг нь эзэлж байгаа бөгөөд ковидын халдвар авсан 101 өвчтөнд зургаан сарын дараа үзлэг хийхэд үнэрлэх мэдрэмжийнхээ 50 хувийг алдсан байжээ. 65 ба түүнээс дээш насныхан үнэрлэх мэдрэмжээ алдах эрсдэл хоёр дахин их байсан бөгөөд нас ахих тусам эрсдэл улам нэмэгдэж байгаа аж. 

Үнэрлэх мэдрэмжээ алдах нь хүний амьдралын чанарт ихээр нөлөөлдөг байна. Учир нь хоолны дуршил үнэрлэх мэдрэмж буурсантай холбоотойгоор мөн адил буурдаг байна. Мөн сайхан үнэр үнэрлэх нь сэтгэл санааны тайван байдал, хүрээлэн буй орчинтой харилцахад чухал нөлөө үзүүлдэг бөгөөд үнэрлэх чадвараа алдсан хүмүүс хорт утаа болон өөрийн биеэс үнэртэж буй эвгүй үнэрийг ялган таньж чадахгүй болж хоол тэжээлийн дутагадлд орох, гал түймрийн аюулд өртөх өндөр эрсдэлтэй болж байна хэмээн дүгнэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top