Хүн төрөлхтөн нүдний шилээр бүх асуудлаа шийдэхэд ойрхон байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Зөвхөн шинжлэх ухааны уран зөгнөлт киноноос хардаг таамгууд биеллээ олж, ирээдүйд гэдэг байсан технологиуд өнөөдөр хэрэглэгдэж эхэлсний нэг жишээ нь Метаверс билээ.

Метаверс бол хэрэглэгчид сургууль руугаа явах, ажил хийх, тоглоом тоглох, концерт үзэх, дэлгүүр хэсэх, бусадтай харилцах боломжтой хурдацтай хөгжиж буй виртуал бодит ертөнц юм.  Ерөнхийдөө 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны сүлжээ гэж хэлж болно. 3D виртуал ертөнц гэж компьютероор бүтээсэн дуураймал орчныг тодорхойлдог.

Метаверсэд хандах аргыг AR болон VR төхөөрөмжийн тусламжтайгаар хөнгөвчилсөн. AR гэдэг нь “Augmented reality” буюу бодит ертөнцийн үзэгдэл, орчин дээр компьютерын аргаар хийсвэр үзэгдэл, мэдээллийг нэмж харагдуулсан технологи. VR гэдэг нь “Virtual reality” буюу бодит ертөнцөөс маш өөр хийсвэр, дуураймал орчныг харагдуулдаг технологи юм. Метаверс хэмээх нэршлийг анх 1992 онд хэвлэгдсэн шинжлэх ухааны уран зөгнөлт “Snow Crash” зохиолд хэрэглэсэн байдаг. Гэхдээ тус зохиолд “meta” буюу “өргөн хүрээтэй” хэмээх утгатай үгийг “universe” буюу ертөнц гэх үгтэй хольж шинэ үгээр ашигласан байна.

Өдгөө “Second Life”, “Decentraland” зэрэг тоглоом, нийгмийн харилцаанд зориулсан виртуал ертөнцүүдийг илүү өргөжүүлэн Метаверс хэмээн хөгжүүлсээр байна. “Second Life”-ийг анхны Метаверс хэмээн хүлээн зөвшөөрдөг бөгөөд тус платформыг ашиглагчид өөрсдийн аватарыг бүтээж интернэтийн сүлжээнд бусадтай харилцдаг. Аватар гэдэг нь хиймэл орчинд өөрийгөө төлөөлүүлэх дүр юм. "Unity" компанийн гүйцэтгэх захирал Жон Риччитиелло "10 жилийн дараа хүн бүр нүдний шил зүүдэг болно. Зүгээр ч нэг шил биш таныг метаверстэй холбох төхөөрөмж нь байх юм" гэсэн удаатай.

 

ДЭЛХИЙН ТОМООХОН КОМПАНИУД  ХЭДИЙНЭЭ МЕТАВЕРС ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВИВ

 

“Microsoft”, “Samsung” компани хөрөнгө оруулаад эхэлсэн энэ салбар дэлхий даяар гар утас тархсан шиг хүн бүрийн хэрэглээ болохыг мэргэжилтнүүд хэлсээр байна. “Аlibaba” саяхан 10 сая юанийн хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа нь Метаверс технологи дээр суурилан явагдах охин компаниа байгуулжээ. Тус компанийн бизнесийн хүрээ нь программ хангамж хөгжүүлэх, компьютерийн системийн үйлчилгээ, гүйцэтгэлийн менежмент зэрэг үйл ажиллагааг явуулах аж. “Baidu” компани мөн 'Sirang' нэртэй Метаверс технологийн үйлчилгээг нэвтрүүлэх гэж буйгаа мэдэгдэв. 

Тус компанийн дэд ерөнхийлөгч Маже  "Метаверс технологи яг одоо хөгжлийнхөө дөнгөж эхэн үедээ явж байна. Уг технологийг хөгжүүлэхэд багагүй хугацааг бид зарцуулж хөгжлийн дараагийн шатанд гаргах нь дамжиггүй юм” гэжээ. Дээрх хоёр компаниас гадна “Tencent” болон “Wangi” нар мөн Метаверс технологийн бизнест хөл тавихаар бэлтгэл ажлаа базааж байгаа ажээ.

 

МЕТАВЕРСИЙН ТУСЛАМЖТАЙ ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ЕРТӨНЦӨӨР АЯЛНА

 

Уолт Диснейн компанийн гүйцэтгэх захирал Боб Чапек тус компани шинжлэх ухаан, зөгнөлт зохиолчдын анх төсөөлж байсан шиг виртуал бодит ертөнц рүү технологийн үсрэлт хийхээр бэлтгэж буй тухайгаа өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдэгдсэн. Тус компани өнгөрсөн арваннэгдүгээр сард  "MagicBand+" ухаалаг бугуйн цаг болон "Hey Disney" ухаалаг дуут туслах хэмээх хоёр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тэгвэл эдгээр бүтээгдэхүүн нь компанийн 50 жилийн ойн хүрээнд 2022 онд борлуулагдаж эхлэх юм.

Энэхүү технологи нь компанийн зорьж буй метаверс ертөнцөд тулгуурласан бөгөөд эдгээрийг Диснейн метаверс дахь "Сэдэвчилсэн парк (theme park)"-д ашиглах бүтээгдэхүүн хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Тун удахгүй бид хүүхэлдэйн киногоо зүгээр л үзээд суух биш харин хүүхэлдэйн киноны ертөнцөөр аялах, тэдэнтэй танилцаж, хамтдаа адал явдлыг бүтээх боломжтой болно гэсэн үг юм.

 

СӨҮЛ  МЕТАВЕРСИЙН ТУСЛАМЖТАЙ БОХИРЫН ШУГАМ, УС ЗАЙЛУУЛАХ ТӨВҮҮДЭЭ  ХЯНАНА

 

Сөүл Метаверсийг нэвтрүүлсэн  дэлхийн анхны томоохон хот болохоор төлөвлөж буйгаа мэдэгджээ. Төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл Сөүл хотын оршин суугчид нүдний шил зүүж, виртуал ертөнцөөр аялж, түүхэн дурсгалт газартай танилцахаас эхлээд  гомдол гаргахаар виртуал хотын захиргаанд ч зочилж болох аж. 3.9 тэрбум воны (3.3 сая ам.доллар) төсөл бүхий уг төлөвлөгөөний гол зорилго нь иргэдийн амьдралыг хөнгөвчлөх, хотын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гэнэ. Сөүл хотын захиргаа 2022 оны сүүлчээс эхлэн өөрийн Метаверс платформыг хөгжүүлэх юм байна. Хотын захиргаа 2023 онд Метаверс бүхий 120 төвийг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр өмнө нь зөвхөн хотын захиргаанд очиж шийдвэрлэх боломжтой байсан иргэдийн асуудлыг аватараар шийдвэрлэх боломжтой болох юм байна.

Гэхдээ уг төлөвлөгөө нь тийм ч хурдан нийтийн дунд нэвтрэх боломжгүй гэнэ. Учир нь, тусгай тоног төхөөрөмж шаардлагатай бөгөөд виртуал бодит байдлын чихэвчнүүд л гэхэд  300, 600 ам.долларын үнэтэй байдаг аж. Сөүлийн хотын захиргаа бохирын шугам, ус зайлуулах төвүүдээ хүртэл хиймэл оюун ухаан ашиглан хянахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ оны эхээр Сөүл хотын захиргаа замын хөдөлгөөн, олон нийтийн аюулгүй байдал, байгаль орчны хэмжүүр зэрэг зүйлсийн талаарх мэдээллийг цуглуулж, тэдгээрийг удирдах төвлөрсөн үйл ажиллагааны платформд нийлүүлдэг олон нийтийн интернет сүлжээг бий болгох төлөвлөгөөг гаргасан байна.

 

БАРБАДОС МЕТАВЕРС БУЮУ ДИЖИТАЛ ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ БОЛСОН АНХНЫ УЛС

 

Карибын тэнгисийн жижигхэн Барбадос арал анх удаа дижитал буюу Метаверс Элчин сайдын яам байгуулахаар блокчэйнд суурилсан платформын компанитай гэрээ байгуулж, виртуал ертөнцөд дипломат харилцаагаа өргөжүүлж эхэлсэн.  Барбадосын  Засгийн газар блокчэйн дээр бүтээгдсэн виртуал бодит байдлын платформ болох “Decentraland”-тай гэрээ байгуулсан талаараа мэдээлсэн. Энэ санаачилга нь одоогоор эхний шатандаа буюу туршилтын үедээ явж байгаа ажээ. Уг санаачилга АНЭУ-д суугаа тус улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хэрэгжиж эхлэх юм байна. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон виртуал бодит байдлын элементүүдийг хослуулсан Метаверс технологи сүүлийн үед  ихээхэн алдартай болж байгаа юм. Өнгөрсөн аравдугаар сард Фэйсбүүк компани нэрээ  “Meta” болгон өөрчилсөн бол “Microsoft”, “Roblox”, “Nvidia” зэрэг технологийн компаниуд уг технологийг хөгжүүлэхээ мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top