26 удаагийн ХИМИ ЭМЧИЛГЭЭГ давсан О.Нинжинд амьдрал хайрлая

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Найман настай О.Нинжин охин яс, зөөлөн эд мөгөөрсний хавсарсан хорт хавдартай болжээ.

Түүний хувьд одоогоос хоёр жилийн өмнө зүүн чих рүүгээ цохиулж, гэмтэл авсны улмаас эмчилгээ хийлгэн, хоёр удаа хагалгаанд орж, 26 удаа химийн эмчилгээ хийлгэжээ.

Ийн хоёр жилийн турш хүнд эмчилгээ хийлгэсний эцэст охины гэр бүлийнхэн эдгэсэн хэмээн бодож байтал өнгөрсөн оны аравдугаар сард чихнийх нь ард хавдар үүсэж, өдрөөс өдөрт томрох болсон байна.

Улмаар БНСУ руу дээж явуулж, шинжилгээ хийлгэхэд яс, зөөлөн эд, мөгөөрсний хавсарсан хорт хавдартай болсон нь тогтоогджээ.


Монголд бүрэн эмчлэх боломжгүй хүнд өвчнийг эмчлүүлэхээр охины ээж гаднын орнууд руу хүсэлт явуулж, Элчин сайдын яамдтай холбогдсоны эцэст энэ сарын 13-нд Итали улсын Женова хот дахь "Гаслини" эмнэлгийг зорьж, эмчилгээ хийлгэхээр болсон байна.

Тухайн эмнэлгээс гаргасан охиныг эмчлэх урьдчилсан төлөвлөгөөний дагуу зарцуулагдах зардал нь 70.000 евро аж. Энэ нь монгол мөнгөн дэвсгэртээр тооцоолоход 230 сая орчим төгрөг болж байгаа юм.

Хоёр жилийн турш хүнд өвчинтэй тэмцэж, эцэст нь бүрэн эмчлүүлэх боломж бий болсон ч охинд дахин нэг хүндхэн асуудал тулгараад байна. Учир нь тухайн эмчлүүлэх эмнэлгээс эмчилгээний төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд охинд эмчилгээ хийж эхлэх шаардлагыг тавьжээ.

Тиймээс О.Нинжин охины ээж Zindaa.mn сайтад хандаж, элэг нэгт монголчуудаасаа тусламж хүсэж, эмчилгээний төлбөрт хандивын өргөхийг хүссэн юм. 

Амьдрахын төлөө тэмцэж байгаа бяцхан охинд тусалж, итгэл хайрлаарай.

ХАНДИВЫН ДАНС:

Хаан банк - 5022989525 (Л.Ундармаа, ээж)

Худалдаа хөгжлийн банк - 432005981  (Л.Ундармаа, ээж)

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Top