Өвгөдийн ухааныг сургах "Тэнгэрийн сургууль" байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Тэнгэр үзэл болон өвгөдийн ухааныг сургах "Тэнгэрийн сургууль" байгуулагдлаа.

Тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаа болох "Цагаан эсгийний ёслол" энэ сарын 9-нд болсон юм. Энэ үеэр тэнгэр үзэлтнүүд нэг дор нэгдэн гал бадраах ёслол үйлдэж, "Тэнгэрийн сургууль"-ийн хичээлийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Нээлтийн үеэр “Тэнгэрийн сургууль”-ийн захирал, Монголын тэнгэр үзэлтний холбооны тэргүүн Д.Уламбаяр сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр "Монголын тэнгэр үзэлтний холбоо болон тэнгэр үзэлтэй бүх хүмүүс эвлэлдэн нэгдэж байна.

Монголчуудын сэргэн мандах цаг болсон. Олон улсын судлаачид, эрдэмтдийн тооцооллоор Монголчуудын сэргэн мандалт 400-800 жилийн үечлэлтэй байдаг. Энэ үечлэлтэй сэргэн мандалтын цаг ирсэн гэж харж байна.

Ирж буй усан бар жилийг Монголчуудын сэргэн мандалтын эхлэл жил болно гэж тооцож байгаа. Тийм учраас энэ үйл явдлыг бэлгэдэж, өөрсдийн үзэл санаа, үнэт зүйл философийг ард түмэндээ ойлгуулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн сургууль байгуулж байна.

Энэ “Тэнгэрийн сургууль”-аараа дамжуулан өөрсдийнхөө үзэл санааг хүмүүст ойлгуулж, боловсролын системд оруулах, олон түмний мэдлэг боловсрол, оюун санааг судалгааны эргэлтэд оруулахыг зорьж байгаа.

Манай сургуульд суралцахаар 21 аймаг болон гадаадад байгаа Монголчууд маань бүртгүүлсэн. Хичээлийн 90 хувь нь цахим хэлбэрээр явна. Харин 10 хувь нь практик хичээлүүд танхимаар орно.

Тэнгэр үзэл болон өвгөдийн ухааныг судалдаг маш олон ном, сурах бичиг, судрууд буусан байдаг. Үүнийг уламжилж авсан маш олон чадварлаг эрдэмтэн, мэргэд, багш сурган хүмүүжүүлэгчид бий. Энэ бүх хүмүүсийн хүчийг нэгтгэж, иргэдийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэхээр сургууль байгууллаа.

Сургууль маань нэгдүгээр сарын 1-нээс элсэлт авч эхэлсэн. Одоогийн байдлаар 400 орчим хүн бүртгүүлсэн байна. Манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, суралцах хүсэлтэй 3000 орчим хүн байгаа.

Хамгийн сонирхолтой нь гадаадад байгаа Монголчууд маш ихээр суралцах хүсэлтэй байна. Үүнийг хүний нутагт байгаа ч гэсэн эх орон, өөрийн үнэт зүйлээ эрхэмлэж, тэмүүлж байна гэж харж байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц.жаргалсайхан(150.129.141.5) 2022 оны 04 сарын 10

Энэ сургалтанд хамрагдах хүсэлтэй байна 89003296

0  |  0
Top