21 аймгийн сэтгүүлчид иргэний мэдэх эрхийн асуудлаар зөвлөлдлөө

2022 оны 01 сарын 11

"Иргэний мэдэх эрх"  сэдэвт орон нутгийн сэтгүүлчдийн уулзалт зөвлөгөөн өнөөдөр /2022.01.11/ төрийн ордонд боллоо.  21 аймгийн  70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон уг уулзалтаар тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

УИХ-ын Парламентын сурталчилгаа мэдээллийн төв, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос хамтран зохион байгуулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт уулзалтын хүрээнд  оролцсон сэтгүүлчид тулгамдсан асуудлаа хэлэлцэхээс гадна Монгол улс дахь хүний эрхийн түгээмэл зөрчлүүд, Орон нутгийн түвшин дэхь авилгын нөхцөл байдал,  Монголын үндэсний өв соёлыг хамгаалах, хөгжүүлэх үйлсэд хэвлэл мэдээллийн байгуулллагын үүрэг оролцоо  гэх зэрэг сэдвээр илтгэл сонсож, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар ирүүлсэн мэндчилгээндээ  Монгол улсын 2022 оны нэгдсэн төсөвт үндэсний контентийг бий болгох, хөгжүүлэх зорилгоор тодорхой төсөв батлагдсан. Төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага , студи, редакц оролцох бүрэн боломжтой гэдгийг онцолсон байлаа.  УИХ-ын даргын мэндчилгээг Парламентын сурталчилгаа мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц уншиж танилцуулсан юм.

АТГ-аас өгсөн мэдээллээр 2020 онд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт 1331  хэрэг байгаагийн 669 буюу  50,3 хувь нь орон нутгийн холбогдолтой хэрэг байжээ. Тэр хирээрээ орон нутагт авилга , хүнд сурталтай холбоотой асуудал анхаарал татахуйц асуудал цөөнгүй байдгийг оролцогч сэтгүүлчид хөндөж байлаа.

Хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургальч байдлыг бий болгох, иргэн өөрт хамааралтай мэдээ мэдээллийг сонгон авах, хэвлэл мэдээллийн зах зээлд төр давуу эрх эдлэхгүй байх зэрэг  Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон үзэл санааг хэрэгжүүлэхэд орон нутгийн сэтгүүлчид манлайлан, хамтран оролцох хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд зааснаар төр өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн  байгууллагатай байхыг хориглосон ч  аймаг, сумдын Засаг даргын тамгын газар дэргэдээ хэвлэлийн албадтай байдаг нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top