СУРВАЛЖИЛГА I Өрхийн эмнэлгүүд эмийн багцыг хэвийн олгож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлсэн талаар эрүүл мэндийн яамнаас албан ёсоор зарлаад буй. Ингэхдээ халдварын оргил үе нэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сарын эхэн үе гэсэн. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед дахин халдвар авч гэрээр эмчлүүлж байгаа иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс олгодог 160 мянган төгрөгийн эмийн багц өгөхгүй байна гэх мэдээлэл олон нийтийн дунд тархлаа. 

Тиймээс энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдээс сурвалжилга бэлтгэлээ.

"ЦАР ТАХЛЫН ДАВЛАГАА ЭХЭЛСЭН УЧИР ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖ, ТӨСВИЙНХӨӨ ДИЙЛЭНХЭЭР НЬ ЭМИЙН БАГЦ АВСАН"

13.40 цагийн алдад Баянзүрх дүүргийн 24-р хорооны “Мараната” өрхийн эрүүл мэндийн төвд ирлээ.

Энд үзлэгийн дөрвөн өрөө байх боловч нэг л хаалганы өмнө хүмүүс дугаарлан суужээ. Учир нь өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх хүний тоо нэмэгдэж, эмч нар нь халдвар авсан байна. “Мараната” эмнэлэг таван эмч, таван сувилагчтай. Гэтэл хоёр эмч, хоёр сувилагч нь өнгөрсөн долоо хоногт халдвар авч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Улмаар гурван эмч, гурван сувилагч ажиллаж байгаа аж. Нэг эмч нь өрхүүдээр очиж, үзлэг хийж, нэг нь ковидын тасагт ажиллаж, үлдсэн нэг эмч нь ерөнхий үзлэг хийж байгаа нь энэ аж.

Өрхийн эмнэлгийн нэг давхарт гурван өрөө бий. Эмийн багц болон эмчилгээний бүтээгдэхүүнийг хадгалах нөөцийн өрөө, Ковид-19 халдварын шинж тэмдэгтэй иргэдэд үйлчлэх, шинжилгээ авах өрөө, Ковидын дараах эмчилгээ хийх өрөө.

Өрхийн эмнэлэг халдвар авсан иргэдэд эмийн багц тарааж байгаа эсэх талаар эмч Б.Номинтой хэсэг хором ярилцлаа.

-Он гарснаас хойш халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэллээ. Өрхийн эмнэлэгт ачаалал нэмэгдэж байна уу. Өдөрт хичнээн халдвар илэрч байна?

-Өнгөрсөн долоо хоногийн Даваа гараг буюу нэгдүгээр сарын 3-наас халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Эмнэлгийн ачаалал оны өмнөхөн маш бага байсан юм. Өдөрт халдвартай нэг хүнд үйлчилж, зарим өдөр хүн байдаггүй байлаа. Гэтэл одоо эмнэлэгт ирэх иргэд ихсэж, өдөрт 15 орчим хүн шинжилгээ өгч байна. Харамсалтай нь шинжилгээ өгсөн иргэдийн 50 хувь нь эерэг бүртгэгдэх болсон. Өчигдөр гэхэд 10 хүн, өнөөдөр байдлаар 8 хүний хариу эерэг гарсан. Шинэ жилийн баяр тэмдэглэснээс л халдварын тохиолдол нэмэгдэж байна гэж дүгнэхээр байна. Учир нь халдвар авсан иргэдийн ойрын хавьтлыг тооцоолоход гэр бүл эсвэл ажлын хамт олноосоо л халдвар авсан байна.

-Ковидоор өвдсөн хүмүүст ямар шинж тэмдэг нийтлэг илэрч байна вэ?

-Иргэд эмнэлэгт үзүүлэхээр ирэхдээ “Даарчихсан юм шиг байна. Хоолой өвдөөд байна” гэдэг. Ийм оноштойгоор ирсэн иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авахад ихэнх нь эерэг гарч байгаа.

-Өрхийн эмнэлгүүд дахин халдвар авсан иргэдэд эмийн багц олгохгүй байна гэх мэдээлэл олон нийтийн дунд гарч байна. Танай эмнэлэг эмчилгээний багц өгч байгаа юу?

-Манай эмнэлэг эмийн багцыг хэвийн тарааж байгаа. Нөөц ч хангалттай бий. Ийм асуудал үүсэхээс сэргийлж улсаас өгдөг төсвийн дийлэнх хувиар нь эмийн багц авсан. Харин эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн нөөц бага байна. Хил хаасантай холбоотойгоор гадуур ч хомсдолтой байх шиг байна.

“10:00 – 15:00 ЦАГИЙН ХООРОНД ЭМИЙН БАГЦ ТАРААЖ БАЙГАА”

15:30 цаг. Баянзүрх дүүргийн 5-р хорооны “Хасагт-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвөөр орлоо. Ковидын шинж тэмдэгтэй иргэдээс шинжилгээ авах, тусгаарлах өрөөний үүдэнд 40-50 орчим насны гурван хүн сууж байв. Тусгаарлах өрөөнөөс эмч гарч ирсэн хэдий ч өрөө хооронд яаран гүйх нь мөн л ачаалал ихтэй байгааг харуулах шиг.

Энд ковидоор өвдсөн иргэдэд эмийн багц хэвийн тарааж байна. Ингэхдээ 10:00 – 15:00 цагийн хооронд өгч байгаа аж.

16:05 цаг. Чингэлтэй дүүргийн 6-р хорооны “Ижил санаа” өрхийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээний багц тарааж байгаа эсэхийг тодруулахаар орлоо.

Эмчилгээ, үйлчилгээ авахаар ирсэн иргэд эмнэлгийн коридорыг “хөл тавих” зайгүй болгожээ. Ийн ачаалал ихтэй байсан учир эмийн багц тарааж байгаа эсэхийг тодруулаад гарсан юм. Энэ эмнэлэгт эмийн багцыг хэвийн тарааж байна.

ЭМДЕГ: ГҮЙЦЭТГЭЛИЙН НЭХЭМЖЛЭЛЭЭ ИРҮҮЛСЭН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД САНХҮҮЖИЛТ БҮРЭН ОЛГОСОН

Иргэдийн дунд, олон нийтийн сүлжээгээр дахин халдвар авсан хүнд эмийн багц өгөхгүй байна гэх мэдээлэл цацагдсанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тайлбар, мэдэгдэл гаргалаа.

Ингэхдээ “ЭМДЕГ-аас Коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна. Хэрвээ танд ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй гэсэн мэдээлэл өгсөн ӨЭМТ байгаа бол нэрийг нь мэдээлнэ үү” гэжээ.

Мөн энэ талаар Эрүүл мэндийн даатгалын газраас тодруулахад "Гүйцэтгэлийн нэхэмжлэлээ ирүүлсэн бүх өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийг нэхэмжлэлийн дагуу бүрэн олгосон. Нэхэмжлэлээ ирүүлээгүй байгууллага үлдсэн байх магадлалтай. Манай байгууллагаас бол шийдэх ёстой бүх санхүүжилтээ олгосон" гэсэн юм. 

Эрүүл мэндийн даатгалын сангаас 474 өрхийн эрүүл мэндийн төвд санхүүжилт олгож байгаа аж.  Ингэхдээ өнгөрсөн 2021 онд 44,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол энэ оны нэгдүгээр сард 22,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. 

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олгосон санхүүжилтийн талаар мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.71.1) 2022 оны 01 сарын 12

БЗД-н 18-р хороо Очманал өрхийн эмнэлэг багцаа өгөхгүй бна

0  |  0
Top