ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.
Тэд хоёр орны шинжлэх ухааны салбарын тухай мэдээлэл солилцож цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлав.
Монгол улсын шинжлэх ухааны академи нь АНУ-ын улсын Үндэсний шинжлэх ухааны академитай 1991 онд санамж бичиг байгуулж хамтын ажиллагаагаа эхлүүлж байжээ.
Уулзалтын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “АНУ-ын Элчин сайд түүхэндээ анх удаа ШУА-д зочилж, хамтын ажиллагааны санал дэвшүүлж байгаад баяртай байна. АНУ бол монголын хувьд гуравдагч хөрш гэдгээс ч илүү чухал ач холбогдолтой улс юм. Энэ ч утгаараа бид шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа юм. ШУА-ийн хувьд АНУ-тай анх палеонтологийн салбар хамтын ажиллагаа эхлүүлж байсан түүхтэй.
1992 онд ШУА-ийн палеонтологийн хүрээлэн АНУ-ын Байгалийн түүхийн музейтэй хамтарсан судалгаа эхлүүлсэн нь одоог хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн уулзалтаар хоёр орны шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа шинэ шатанд ирлээ гэж харж байна” гэлээ
ШУА-ийн зүгээс мөн залуу судлаачдыг АНУ-д мэргэжил дээшүүлэх, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, хоёр улсын хооронд эрдэмтэн, судлаачдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгааг илэрхийллээ. Өмнө нь АНУ руу мэргэжил дээшлүүлэх чиглэлээр судлаачид нэлээд явдаг байсан нь сүүлийн жилүүдэд цөөрч байгаа. Энэ нь дотоодод төгссөн боловсон хүчний хэлний мэдлэгийн түвшин хангалттай биш байгаатай холбоотой аж.
Тиймээс хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж англи хэлний ерөнхий түвшний мэдлэгийг дээшлүүлэх, урт хугацааны хөтөлбөрт залуу судлаачдыг хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмждэг үзүүлэхийг хүслээ.
Элчин сайд Майкл Клечески “Бидний хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Тэр дундаа миний хувьд шинжлэх ухааны академийн хэл шинжлэлийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч байна. Хоёр орны шинжлэх ухааны байгууллагын хооронд байгуулсан санамж бичгийг практикт ойртуулж илүү үр дүнтэй ажил болгоё.
Манай элчин сайдын яаман дээр танай байгууллагад тохирсон, судлаачдад үр дүнгээ өгөх хөтөлбөрийг боловсруулж ажиллах бүрэн боломжтой” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Шинжлэх ухааны салбарынхан минь арл иргэдийнхээ амь насыг аврах судалгаа шинжилгээ байна уу энэ хорт утааг арилгах урт богино хугацаанб судалгаа шинжилгээ гаргалгаа байна уу та нар минь ийм асуудал дээр яагаад дуугардаггүй юм бэ. Нээх олон эрдэмтэн докторууд аа