ОЛОН ӨНГӨ: Аз жаргалтай үрс амьдралыг чимдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 15

Сүхбаатарын талбайд шинэ жилийн баяраар мөсөн хотхон бий болгосон ч баярын өдрүүдээр хүмүүс “Хэрэггүй зүйлс” гэхчилэн дургүйцлээ ил, далд илэрхийлж байлаа. Тэгвэл энэ мөсөн хотхон одооноос л жинхэнэ хэргээ гаргаж байна. Учир нь Сүхбаатарын талбайн тэрхэн хэсэгт баяр хөөртэй хүүхдүүдийн инээд цангинаж, аз жаргалтай аав ээжүүдийн инээмсэглэл гэрэлтэж байсан юм.

Өчигдөр гурван есийн ид хүйтэн гэмээргүй дулаахан байсан нь ч олон аав, ээж хүүхдүүдээ дагуулж ирэхэд нөлөөлсөн байх.

Талбай хөндлөн алхаж явахдаа тэдний зүг хараад өөрийн эрхгүй инээмсэглэж орхилоо. Угаас ч хүүхэд инээж байгаа газарт хөмсөг зангидсан хүн байдаггүй шүү дээ.

Ээж минь залуу байхын л орж гарсан хүүхдүүдэд ганц гэхгүй чихэр сарвайж, баярлуулж суудаг хүн байсан. Одоо ч тийм хэвээрээ. Мэдээж тэр бүрд нь би хишгээ хүртэж таарна. Тухайн үед чихэр гэдэг одоогийнхтой харьцуулахад ховор байсан болохоор хүүхдүүд ч их баярлана. Ер нь хүүхдийг баярлуулахад тийм их зүйл шаардахгүй.

Үгүй гэхэд л өөрийнхөө хүүхдийг хайрлаж, хамтдаа тоглож, ярилцаж байхад л хүүхдийн тань нүд гуниггүй өснө. Аз жаргалыг мэдэрч өссөн хүүхэд том болоод аз жаргалыг түгээгч болно. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайранд өлгийдүүлж өссөн хүүхэд ирээдүйн эх орныхоо баялаг болох нь гарцаагүй. Харамсалтай нь өнөөдөр бид нийгмийн бухимдал, амьдралын стресстээ дарагдаад энэ бүхнээ хэсэгхэн зуур мартаад байх шиг. Гэхдээ нар жаргасан ч дахиад л гэрэл гэгээгээ цацруулсаар манддаг шиг Монголын минь айл бүрд аз жаргалтайгаар үрс нь инээж амьдралыг нь чимэх болно гэдэгт итгэлтэй байна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top