Монголын уламжлалт ахуй соёлыг олон мянган жилийн тэртээгээс тээж ирсэн үндэсний бөх саяхныг хүртэл элдэв хэрүүл маргаангүй шахам явж ирсэн бол сүүлийн жилүүдэд барилдаж чадахаа ч болив. Барилдаан бүрээр хэрүүл тэмцэл гарах нь өнөөх л сэргээштэй холбоотой.
Монголын үндэсний бөхийн холбоо ч гэж холбоо болжээ. Ад шоо үзэж байгаад хөөгөөд явуулсан Р.Нямдорж нь залуусаасаа дээр байж дээ гэх хүмүүс ч цөөнгүй байна. Жишээлэхэд өчигдөр “Жем интернэшнл” группын нэрэмжит “Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан” эхлэх үеэр сэргээштэй сэргээшгүй бөхчүүд барилдана барилдахгүй гэх маргаан үүсгэснээр Бөхийн өргөөнд бөх үзэх гэж ирсэн үзэгчдийг чилээгээд зогсохгүй олны дургүйг хүргэв.
Тэр ч бүү хэл Улсын аварга Н.Батсуурь харцага аавыгаа дагуулан ирж хэрүүл өрнүүлж байгаа нь дэндүү намбагүй асуудал. Үүнийг тусгай дүрэм журмаар шийддэг болохоос бус нэг удаагийн барилдааныг бойктолсноор шийддэг зүйл биш гэдгийг л мэдэхгүй аж. Сүүлдээ аймаг сумаараа талцсан зүйл болж, улмаар барилдааныг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Сэргээш нь Э.Оюунболд, Н.Батсуурь нарын хэдэн бөхчүүдийн дунд дэгдээд эхэлсэн зүйл биш, олон жилийн өмнөөс эхтэй.
Гагцхүү Бөхийн холбоо орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж, шинэчлэгдэх хэрэгтэй болжээ. Орчин цагийн техник технологийн дэвшлийг ашиглахаас гадна үүнтэйгээ уялдсан журам шийдвэр ч гаргах шаардлага байгааг сүүлийн жилүүдэд хангалттай харлаа.
Гэтэл манай хэд “Бөхийн өргөө” гэх дугуй барилгаа л булаалдаад байснаас энэ тал дээрээ анхаараагүйг харуулсан хэрэг. Түүнээс бус өдгөө үзэгчдийн суудалд шилжээд байгаа нэртэй бөхчүүдийн үеэс сэргээшийн тухай ярьж л байсан. Уг нь тухайн үед Ц.Магалжав тэргүүтэй нөхөд Бөхийн холбооны удирдлагаа шүүмжлээд байсан учраас энэ мэт асуудлаа шийдэхээр тусгай мөрийн хөтөлбөртэйгөө ирэх ёстой байв.
Гэтэл юу ч үгүй. Одоо л “Сэргээшийн журам” гээчийг гаргаж Засгийн газарт өргөн барихаар болж байгаагаа мэдэгдэж байх жишээтэй. Аливаа байгууллагын удирдлагад санаархаж байгаа бол юуны өмнө тулгамдаад байгаа асуудал цаашлаад бодлогоо боловсруулаад ирэх ёстой юм. Айл өрх хүртэл стратегитай амьдардаг атал ард түмний хүрээлэл дунд байдаг байгууллагад гар хоосон ирчихээд сандарч суугаа нь өөрсдийнх нь буруу.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхийд холбоо нь допингийн шийтгэлийг оноодоггүй. Ашиг сонирхлын зөрчил авлига үүсдэг болохоор оноох нь маш буруу. WADA буюу допингийн агентлаг шийтгэлийг оноодог.