ЧД: Боловсролын салбарын ажилчдад “Ёс зүйн сургалт” зохион байгууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оныг “ЁС ЗҮЙН ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах албан хаагчид, багш, ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх чиглэлээр “Ёс суртахуун ба ёс зүй” сэдэвт сургалтыг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
 
“Ёс зүйн жил”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Ёс суртахуун ба ёс зүй” сэдэвт сургалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл оролцсон ба тэрээр “Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, гадуурхал, нийгмийн цахим сүлжээн дэх аюулгүй байдлын зөрчил, боловсролын салбарын удирдах албан тушаалтнууд, багш, ажилтан, албан хаагчдын ёс зүйгүй үйлдэл өнгөрсөн онд удаа дараа илэрч, энэ талаарх мэдээлэл болон бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр түгээгдэж, иргэдийн дунд нэлээд бухимдлыг бий болгосон. Энэ байдлыг таслан зогсоох, сэтгэлзүйн тогтвортой байдлыг бий болгох, өөрчлөлт хийх хүрээнд энэхүү сургалтыг боловсролын салбараас эхлүүлж байна” гэдгийг онцлон хэлэв.
 
Сургалтыг хуваарийн дагуу Ерөнхий боловсролын 23, 24, 5 дугаар сургуулиудад өнөөдөр зохион байгуулсан ба сургалтыг Удирдахуйн ухааны магистр, Төрийн албаны тэргүүн зэргийн түшмэл, Тэргүүлэх аудитор, Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа удирдан явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top