ОЛОН ӨНГӨ: Төрд тэмүүлэгсэдийн төрөл зүйл

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Төр дагасан хүмүүсийн хөрөнгө орлого нүд ирмэхийн зуурт нэмэгдчихдэг нь сонин шүү. Ингэж хөрөнгө чинээгээ өсгөдөг хүмүүс дотроо хэдэн төрөл байгаа юм. Хамгийн эхэнд мэдээж нам дагасан цүнх баригч, долоогчид орох нь гарцаагүй. Тэд бол Оюутны холбооны гишүүн болсон цагаасаа ирээдүйн амьдралаа тодорхойлж, хэн нэгэн даргын цүнхийг барьж, олон нийтийн өмнө цээжээрээ хамгаалахаар тангараг тавьсан нөхөд байдаг. Гэхдээ тэдний энэ арга тийм ч барьцтай биш.

Учир нь өнөөх дарга нь цагийн салхинд хэр тэсвэртэй, дээшээ мөн хэр доль үсэрч чадах эсэхээс түүний өсөн дэвших, уруудан доройтох хамаарна. Харин үүний дараагаар жинхэнэ намын гал улаан фанат, шүтэн бишрэгч, хорооны ажилтнаас дүүрэг, нийслэлийн төлөөлөгч болон өссөн нөхөд ордог.

Тэд цаг үеэсээ хамаарч ямар даргад тал засахаа мэддэг, хэзээ хэний хөлд суухаа тооцоолж чаддаг, эв нь таарвал олны нүднээс хол төрийн өмчит компанид ороод хэвтчихдэг сэргэлэн хүмүүс. Энэ бүх хугацаандаа бүхий л төрлөөр хээл, хахуулийг цэцэглүүлэгчид байдаг. Энэ төрлийн хүмүүс захаас аваад зөндөө. Зарим нэг нь бүр сайд хүртлээ хөгжин дэвшсэн нь ч бий.

Тэгвэл хамгийн хэцүү мөртлөө эв нь таарвал гэрлийн хурдаар бүхний оройд гарч чаддаг нэгэн төрөл бол гудамжны тэмцэгч, шүгэл үлээгчийн дүрд тоглогсод. Гэвч зориг гаргаад тоглож чадсан тохиолдолд УИХ-ын гишүүн, сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх ч болж чаддаг дүр. Нэг ёсондоо их гарынханы тоглодог мөрийтэй тоглоом гэсэн үг. Ийм хүмүүсийн жишээ ч асар их бий. Эдгээр хүмүүст нэг л ижил зүйл байдаг нь хөрөнгө орлого нь хурдан өсөн нэмэгдэхээс гадна гэнэтхэн олон тооны хурдан удмын адуутай болж, ар гэр нь олон жил бизнес эрхэлсэн болчихдогт л байдаг юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top