"Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөг болж буурсан"

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Замын-Үүд авто замын боомтын ачаа тээврийн талаар Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам болон Боомтын зөвлөл хамтран өнөөдөр /2022.01.18/ мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл ачаа тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөг болж буурсан талаар хэллээ. 

Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Гантулга "Коронавирусний халдвараас шалтгаалж, авто замын хилийн боомтын үйл ажиллагааг аравдугаар сарын 13-наас зогсоосон. Харин арваннэгдүгээр сарын сүүлээр чингэлэг тээврээр хийх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгдсэн. Үүний дагуу хоёр тал бэлтгэл ажлаа хангаад чингэлэгт тээврийг хийж эхлээд долоо хоногийн хугацаа өнгөрсөн байна. 

Тээвэрлэлт энэ сарын 11-нд эхэлж, эхний өдөр 24 чингэлэг ачаа барааг нэвтрүүлж байсан бол сүүлийн өдрүүдэд 65-69 болж өссөн. Цаашдаа халдвар хамгааллын дэглэмээ нарийн, чанд зохион байгуулж чадвал энэ үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх боломжтой гэж харагдаж байна.

Зохион байгуулалтын тухайд хилийн тэг цэгээс логистикийн төв хүртэл хилийн цэргийн албаныхан тээвэрлэж, тэндээс жолооч нар тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирж байгаа.

Тээвэрлэлтийн үнийн хувьд Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн үнэ 3-3,5 сая төгрөг болж, буурсан. Энэ нь хуучин үнэдээ нэлээд дөхсөн. Бидний зохион байгуулалтын үр дүн харагдаж байна гэж харж байна.

Шадар сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цаашид долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт боомтуудын талаар мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх болно." гэлээ.

Харин хилээр ачаа оруулж ирэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа эсэх талаар ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр "Одоогийн байдлаар авлигатай холбоотой гомдол, мэдээлэл иргэн хуулийн этгээдээс ирээгүй байна. Хилийн тэг цэгээс Замын-Үүд рүү орж ирэх зардлыг улс дааж байгаа.  Тийм болохоор ямар нэгэн байдлаар хээл хахууль өгч, ачаа бараагаа түрүүлж оруулж байгаа асуудал огт байхгүй. Гаалийн бүрдүүлэлтээ хийгээд логистикийн төв дээр очсоны дараа иргэн, хуулийн этгээд ачаагаа авах нь чөлөөтэй" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tur(192.82.76.13) 2022 оны 01 сарын 18

huuchin tiim l baisan shdee

0  |  0
Top