Гишүүд тойрогтоо "Омикрон" чирж очих вий!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Монгол Улсын Их хурлын намрын чуулган мягмар гарагт хаалтаа хийлээ.

Цар тахлын хүнд үед гишүүд өөрийн сонгогдсон тойрог­тоо очиж “усалгаа”-гаа хийж таарна. Сар шинийн баярын өмнөхөн тэд тойргийн ахмадуудаа бөөнөөр нь хүлээн авч ул боов, дугуй булантай цай, цаг тооны бичиг, будаа, гурил, өөрийн нэртэй аяга, таваг, данх, бидон, аар саархан тавгийн чихэр тараадаг бичигдээгүй журмын дагуу нутаг нутгийнхаа зүг жирийж өгнө дөө. Нэг нь заавал өгөх ёстой, нөгөөх нь заавал авах ёстой гэсэн адын бодолтой учир үүнийг цар тахал ч зогсоож дийлэхгүй, тэднийг.

Коронавирусний Омикрон хувилбар нийт өвчлөгсдийн 90 хувьд тархаад байгаа хүнд үед ч тэд тойргоо хаяхгүй. Тэднийг улс төрийн тавцанд дахин дөрвөн жил оршин тогтнох үндэс нь сонгогчид. Тиймээс тэднээс нүүр буруулна гэдэг нүд рүүгээ хуруугаа хийхтэй ижил.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал гээч зүйлтэй нүүр тулж байгааг, хэт замбараагүй бөөгнөрөл, олон хүн цуглуулсан арга хэмжээнээс өвчлөлийн тоо эрс нэмэгдэж буйг УИХ-ын гишүүд одоо бодолцон үзэж тэвчих хэрэгтэй байна. Омикрон хувилбар асар хурдацтай тархдаг учир ташраараа өвдөх магадлал 90 хувь байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж, сануулсаар байгаа юм.

Ахмад настантай уулзсан хүн үнсэж, үнэрлүүлэхээс эхлээд хавьтал болоод явж өгнө. УИХ-ын гишүүд ч яахав өвдсөн ч тосоод авчихдаг бидний хэлж заншсанаар “Сайд нарын 2 дугаар эмнэлэг”-тээ хэвтчихнэ. Харин өвдсөн иргэдийг, ахмад настнуудыг чинь хүлээж авах эмнэлэг байхгүй байгаа гэдгийг бодолцож, Их хурлын гишүүд тойрогтоо ажиллах хугацаагаа хойшлуулмаар байна.

УИХ-ын гишүүд чуулган завсар­ласан үедээ тойрогтоо баталсан хууль тогтоомжийн танилцуулга хийх ёстой ч уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг нь нууц биш.

Саяхан УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тэргүүлдэг Нийгмийн бодлогын байнгын хорооны хэдэн эмэгтэй гишүүн Минжийн заставт очиж ковид тараасан гэх мэдээлэл бий ч хэн нь ч би явсан гэж үнэнээ өчсөнгүй. Дараад өнгөрч байна. Үнэндээ Төрийн ордон ковид цар тахлын голомт болсон гэдэг нь нууц биш. Нэг дор 20 орчим гишүүн халдвараар өвчилж хоёрдугаар эмнэлэгт хэвтээд гарсан. Зарим нь үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэсээр байгаа. Ийм хүнд нөхцөлд тойрогтоо бүү хэл гэрээсээ ч толгойгоо цухуйлгах хэрэггүй юм. Сар шинийг угтан өгдөг, авдаг сэтгэлгээнээсээ салахгүй бол хууль тогтоогчид нь өвлийн өвгөн болж очдог энэ цагийг халах хэрэгтэй.

2019 оны өдийд УИХ-ын нэгэн эрхэм гишүүн тойргийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаа гэх нэрийн дор цагаан будаа, тавгийн чихэр тараах явцад нэг ахмад настан нас барсан харамсалтай хэрэг гарч байсан удаатай. Энэ бол ахмад настан нас барсан ганц жишээ гэж харж болох ч үүнээс ч олон ахмадыг авч одох аюулт цар тахал байгаа гэдгийг гишүүд ч тэр, ахмадууд ч тэр хаа хаанаа бодолцох цаг болсон. Гурил боовоор сонгогчдоо үнэлж, гудийхгүй эргээд намайг сонгоорой гэдэг гишүүд хариуцлагаа өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.

Цар тахлын хүнд үед тойрог­тоо “далжиганан” очиж гарын бэлэгтэй хамт санамсаргүй байд­лаар Омикрон тараавал Эрүүгийн хуулиар ял хүлээнэ гэдгээ бодолцох учиртай юм. Энэ нь Эрүүгийн хуулийн 15.6 дугаар заалтад хамаарах бөгөөд шийтгэл нь торгохоос таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох юм.

Нэг аймаг дунджаар 15-17 сумтай бөгөөд тэндээс гурван Их хурлын гишүүн сонгогдсон байдаг. Нэг тойргийн гурван жил нэг суманд 100 ахмад настан баярлуулахад л 1500-1700 ахмад настанд гарын бэлэг өгч, үнсүүлж таарна.

Энэ хурдаар цар тахлыг давах нь бүү хэл цар тахлыг санаатайгаар тараасан болж таарна. Монгол Улс үндсэндээ ингэж цар тахалд бүрэн ялагдана гэсэн үг. Эмч, эмнэлгийн ажилтан, орны хүрэлцээ муудаж, өрхийн эмнэлгүүдийн багцын хангамж хаанаа ч хүрэхгүй. Энэ бүх эрсдэлээ тооцож энэ удаадаа Их хурлын гишүүд тойрогтоо тэмүүлэх гэж бүү яараарай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуц(150.129.141.78) 2022 оны 01 сарын 21

Онд мэнд оровуу Омикроноор бэлэг барьяа гээд л орон нутгаа дайлаар мордоцгоонодоо

0  |  0
Top