Сүүлийн үед чихрийн шижин өвчин залуужих хандлагатай болж байна. Тэгвэл тус өвчний талаар болон кето дэглэмийн тухай Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны докторант, Кето хоол судлаач Т.Ариунцэцэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг өвчлөл ихээр нэмэгдсэн. Мөн элэг, ходоод, нойр булчирхайн үрэвсэл ихэсч залуужиж байгаа нь нууц биш. Кето хоол судлаач хүний хувьд энэ талаар ямар үзэл бодолтой байдаг вэ?
-Таргалалт, зүрхний өвчлөл нь европчуудын өвчлөл гэж үздэг байсан үе ард хоцорч монголчуудын шүдний өвчин болоод эхэлжээ. Европын орнуудад 1980-аад оны үеэс мөнгө олох зорилгоор нүүрс ус их, чихэрлэг хоол хүнс ихээр үйлдвэрлэж эхэлсэн. Хүмүүсийн хоолны хэрэглээ өөрчлөгдөж, өөх тосноос айж жигших болсон. Чихэрлэг, цардуул ихтэй хүнс буюу чихэр жимс, гурил будаа, шарсан төмс, бэлэн хоолонд донтох болжээ. Нүүрс ус их, чихэрлэг хүнс хоолны донтолт үүсгэдэг. Энэ үеэс таргалалт, чихрийн шижин, зүрх судасны зэрэг өвчлөлүүд жил ирэх тутам хурдацтай нэмэгдсэн байдаг.
Манай орны хувьд зах зээлийн нийгэмд шилжиж, хүнсний хомсдолд орсон. Аль болох хямд нүүрс ус ихтэй хүнс хэрэглэж, 1990-ээд оноос чихэрлэг, цардууллаг хүнс их хэрэглэж эхлэн, мөн л өөх тосноос татгалзаж хэрэглэхээ больсон. Гурван цагаан хор гэдэг ойлголтод сахар, давс, өөхийг оруулж, хэрэглээ эрс багассан юм.
Дэлхий нийтийн жишгээр өөх тосноос татгалзсанаар мөн л өвчлөл ихэсчээ. Нүүрс ус бага, өөх тос ихтэй хоол идсэнээр өвчлөл багасна.
Нүүрс ус их хоол идэхээр цусанд сахар ихэсч нойр булчирхайгаас инсулин даавар ялгардаг. Сахар байнга ихэссээр байгаад чихрийн шижин үүснэ. Сахар их байгаад байхаар инсулин даавар ихээр ялгарсаар нойр булчирхай хэвийн ажиллаж чадахаа болино. Илүүдэл нүүрс ус илүүдэл инсулин ялгаралтыг өдөж шинээр өөх үүсдэг. Инсулин ихсэлтээс элэг өөхлөлт үүсдэг гээд мөчлөг байдлаар явагддаг. Нүүрс ус их хоол жингийн илүүдэл, таргалалт үүсгэдэг. Улмаар цөсний чулуу үүсдэг. Өөх тостой хоол идэхгүй бол цөс ялгаралт муу, цөс зогсонгошил үүсч хэсэг хугацааны дараа чулуу үүсдэг. Та нүүрс ус их хоол идээд байхаар элэг эхлээд хэвийн ажиллаад байна. Ачааллыг нэмээд байхаар хамаг хүчээ шавхан ажилласаар л байна.
Үүнийг бие дасан зохицож ажиллах гэдэг. Үүнээс цааш хэвийн ажиллаж чадахаа болино. Өөх тостой хоол идсэнээр элэг өөхөлдөггүй. Эсрэгээрээ нүүрс ус их хоол элэг өөхлүүлдэг. Илүүдэл нүүрс ус өөхөнд хувирдаг. Элэг хэвийн ажиллаж чадахаа болихоор бусад эрхтнүүдэд өөхөө зөөнө. Үүнийг дотор эрхтнүүд өөхлөх гэдэг. Өөхөлсөн эрхтнүүд хэвийн ажиллаж чадахгүй, эсүүд нь өөхөөр дүүрч, сүүлдээ хатуурч цирроз, хавдар үүсдэг.Элэг өөхлөлтийг эмчлэх эм, тариа байхгүй. Элэг өөхлөлт нүүрс ус бага, өөх тос их хоолоор бүрэн эмчлэгддэг гэдгийг харуулсан судалгаанууд олон бий.
-Сүүлийн үед кето хооллолтын талаар хүмүүс их сонирхох болжээ. Энэ хоолны талаар ерөнхий ойлголт өгвөл?
-Манай уламжлалт хоолны соёл бол эрүүл, зөв хооллолт юм. Монголчууд эрт дээр үеэс өөх тосоо түлхүү хэрэглэж, мах, цагаан идээгээ идэж ирсэн. Бэлчээрийн мал, нүүдлийн соёл иргэншил бол агуу том соёл. Кето хооллолт маань бэлчээрийн малын мах, байгалийн гаралтай, химийн орц найрлагагүй, жинхэнэ органик эрүүл хоол хүнс хэрэглэдэг.
Монголчууд эрүүл хооллолт, амьдралын зөв дадал хэвшилтэй, хөдөлгөөний хомсдолгүй, өвчлөл багатай ард түмэн байсан. Бэлчээрийн малын мах, тослог ихтэй цагаан идээ, өрөм, зөөхий, байгалийн зэрлэг жимсгэнэ зэрэг маань кето хүнс шүү дээ.
Өөрөөр хэлбэл химийн орц, найрлагагүй, байгалийн гаралтай эрүүл органик хүнс иднэ гэсэн үг. Иймд монгол хоол хүнс маань кето хүнс. 1990-ээд оноос манай улсад таргалалт, чихрийн шижин, зүрх судас, ходоод гэдэсний замын өвчлөл ихээр нэмэгдсэн. Элэг, ходоодны хавдраар дэлхийд тэргүүлэх болсон. Айл бүрд бараг нэг хавдартай хүн байна. Цөсний чулуу, нойр булчирхайн үрэвсэл ихэссэн. Эдгээр өвчлөлүүд хоолтой холбоотой. Өөр нөлөөлөх хүчин зүйл бий ч өвчин үүсгэх томоохон шалтгаан бол хоол юм. Сүүлийн үед нүүрс ус, сахарын хэрэглээ хэт ихэссэн. Хүний цусаар дөрвөн грамм сахар эргэлддэг. Нүүрс ус, сахар биеийг энергиэр хангах гол эх үүсвэр боловч хэтрүүлэн хэрэглэх нь томоохон асуудал үүсгэж байна.
Хүүхдүүд чихэр, ундаа, чипс, түргэн хоол идэж хоол хүнсээр авах амин чухал бодис, эрдэс, витаминаа хангалттай авч чадахгүй, таргалалт ихээр нэмэгдсэн. Биеийн өөхний эд бодит жингээс 20 хувь, түүнээс их байхад биед өөрчлөлт орж өвчний суурь тавигддаг.
Жишээ дурдвал ДЭМБ-ын мэдээлснээр 2010 оны байдлаар дэлхийн хэмжээнд 285 сая хүн чихрийн шижингээр өвдөж, 2019 онд 463 сая болж өссөн. 2045 он гэхэд энэ тоо 700 саяд хүрнэ гэсэн статистик тоо байдаг. Манай улсын хувьд 1999 онд хүн амын гурван хувь байсан бол 2009 онд нэмэгдэж 6.5 хувьд хүрсэн. 2018 онд насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй болсон. Манай улсын хүн амын бараг 60 хувь нь жингийн илүүдэлтэй гэсэн сүүлийн үеийн тоо баримт бий. Энэ нь бид хоол хүнсэндээ анхаарч эрүүл хооллох цаг болсныг харуулж байна.
Жишээ дурдахад чихрийн шижинг эм, тариагаар эмчилж эхэлснээс хойш энэ өвчин архагшин хүндэрч, энэ өвчний улмаас хөл гараа тайруулах, сохрох, улмаар амь насаа алдах болсон. Инсулин тариа цусны сахарыг бариад байгаа мэт боловч, үнэн хэрэгтээ өвчнийг улам дордуулж, инсулины хордлогонд оруулдаг. 10 гаруй жилийн өмнөөс олон орон нүүрс ус их хооллолт өвчин үүсгэж байгааг тогтоож, өөх тостой хооллолт руу буцаад шилжсэн. Томоохон эмнэлгүүд нь кето хоолоор эмчилдэг тасгуудтай байдаг, кето хоолны эмч нарын тоо ч өссөн. Нүүрс ус бага, өөх тос их хооллолтоор нэлээд өвчин эмчлэгдэн эрүүлжиж, энэ талаар томоохон өргөн хүрээний судалгаанууд ихээр хийгдэж, эрүүл зөв хооллолт гэдэг нь нэгэнт тогтоогджээ.
-Тэгвэл өөх тостой хоолоо зөв зохистой хэрэглээд нэмэлт эм, бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр чихрийн шижинг эмчилж болох нь ээ?
-Кето хооллолт гэдэг нь нүүрс ус бага, уураг зохистой хэмжээгээр, өөх тос ихээр иддэг эрүүл, зөв хооллолт юм. Ихэнх хүмүүс турах зорилгоор энэ хооллолтыг сонгодог байсан. Анх удаа уналт таталт эмчлэх зорилгоор судлагдсан ч мэдрэлийн үйл ажиллагаа сэргээх, ой ухаан сэргээх, өдөржин эрч хүчтэй байх зэрэг бусад олон талын ач тустай нь тогтоогдсон. МЭӨ 500 онд хүн мацаг барьснаар /хоол идэхгүй/ хүний бие энергиэр хангагдаж, мөн эрүүлжиж байгааг олж тогтоосон.
Энэ нь өөхнөөс кетон үүсэж, кетозд ордогтой холбоотой. Кето хооллолт мөн ийм зарчмаар явагддаг. Эртний грек эмч нар, Гиппократ мацгаар уналт таталт, бусад олон өвчнүүдийг эмчилж байсан түүхтэй. 2000 оны эхээр Аткины хооллолт дахин сэргэж, нүүрс ус бага хооллолт дэлгэрч эхэлсэн. Нүүрс ус бага хоол идсэнээр, жингээ хасаж, жингийн илүүдэл арилж, таргалалтаас үүдэлтэй олон өвчнүүд эмчлэгддэг. Миний хувьд энэ хоолоор тарган хүнийг хүссэн жинд нь хүргэж, чихрийн шижинг амжилттай эмчилж байна. Хооллолт эхлээд хэдхэн хоногт сахарын эм тарианы тун хэмжээ хасагдсаар байгаад эм уухаа больдог. Цусны сахарыг хоолоор хэвийн хэмжээнд барьж, нэлээд хугацааны дараа эдгэх шатандаа ордог. Чихрийн шижин бол хоолоор бүрэн эдгэрдэг өвчин.
-Кето хоол бөөрөнд муу гэж ярьдаг. Хэр үнэний ортой вэ?
-Бөөр гэмтэх анхны шинж тэмдэг нь шээсээр уураг ялгарах. Энэ нь бөөрний шүүлтүүрийн систем муу ажиллаж байгааг харуулдаг. Үүнийг хүмүүс уураг их хоол идсэнтэй холбож ойлгодог. Үнэн хэрэгтээ нүүрс ус бага, кето хоол уураг тийм ихээр хэрэглэдэггүй. Биеийн кг жинд 1.2-1.7 грамм уураг буюу зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. Жишээлбэл, нэг удаагийн хоолонд алганы хэмжээтэй мах идэх жишээтэй. Нүүрс ус бага, уураг зохистой хэрэглэх нь бөөр гэмтээдэггүй болохыг харуулсан олон судалгаанууд байдаг. Миний хувьд аливаа зүйлийг судалгааны ажлуудтай нь унших дуртай. Гэр бүлийн хүн маань бөөрний түүдгэнцрийн үрэвсэлтэй, даралт ихэсдэг. Гурван жил эмчилгээ хийлгэж, байнга эм уудаг байсан.
Нэг жил ардын эмчилгээ хийж эм, тан уусан. Сайжрал өгсөн боловч дахин шээсээр уураг, улаан эсээ алдаж эхэлсэн. Ингээд кето хооллож хоёр сарын дотор 20 кг жин хассан. Эмээ зогсоож, даралт нь хэвийн болсон. Шинжилгээний үзүүлэлтүүд хэвийн болж эрүүлжсэн. Энэ бол хоолоор эрүүлжиж байгаа энгийн жишээ. Кето хооллолтын 70 хувь өөх тос хэрэглэдэг. энэ хэт их сонсогдож, эрүүлжих биш өвчин тусахаар санагдаж болох юм. Гэхдээ байгалийн өөх тосыг цадах мэдрэмж төртлөө иддэг. Өөх тосонд мэдээж транс тос болон өндөр боловсруулсан тос орохгүй. Хүн нүүрс ус, сахар шиг өөх тосыг замбараагүй ихээр иддэггүй. Нүүрс ус, сахарын замбараагүй хэрэглээ биднийг өвчлөлд хүргэж байна.
-Тэгвэл энэ төрлийн хооллолтоор ямар ямар өвчнийг эмчлэх боломжтой вэ?
-Ялангуяа чихрийн шижингийн урьдал, чихрийн шижин, жингийн илүүдэл, таргалалт, бодисын солилцооны хам шинж, даралт ихсэлт, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс хооллоход үнэхээр ач тустай хооллолт. Энэ бол хооллолтын хэв маягаа өөрчилж байгаа л асуудал. Цоо шинэ хоол зохиож идэж байгаа хэрэг биш. Өвөг дээдэс маань ийм хооллолттой ард түмэн байсан. Энэ хооллолт зөв байжээ, бид өвчлөхгүй эрүүл амьдрах, урт удаан наслах боломжтой гэдгийг олон хүмүүс ойлгож, амьдралын хэв маягаа өөрчлөх болжээ.
Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийх хүмүүсийн тоо олширч байна. Хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд шүү дээ. Нүүрс ус нь уураг, өөх тостой адил шим тэжээлт бодис, биеийг энергиэр хангадаг. Хоол хүнсээр хоёр төрлийн нүүрс ус авдаг.
Нэгдүгээрт: Цардууллаг, хоёрт, чихэрлэг. Чихэрлэг, цардуул ихтэй хүнсэнд будаа, гоймон, төмс, чипс, овьёос, үр тариа, талх, боов боорцог зэрэг ордог. Чихэрлэг хүнсэнд жимс, жимсний жүүс, шоколад, жигнэмэг, бялуу, зайрмаг зэрэг ордог. Боловсруулсан, лаазалсан хүнс нэмэлт сахар агуулсан байдаг. Нүүрс уснаас энерги авдаг горимыг нүүрс ус багасгаснаар бие өөх тосноос энерги авдаг горимд шилждэг. Нүүрс усаа багасгаснаар ихэнх хүмүүст эрүүл байхад ач тустай ч хүн бүрд тохирох хоол, хүн бүр ингэж хооллох ёстой гэсэн үг биш.
Гэхдээ кето хоолоор засарч, эмчлэгддэг олон өвчин бий. Тухайлбал, I, II хэлбэрийн чихрийн шижин, жирэмсний чихрийн шижин, даралт ихсэлт, зүрхний өвчин, бодисын солилцооны хам шинж, таргалалт, эрт зөнөгрөл, тархины эмгэгүүд, ухаан санаа муудах, уналт таталт, үргүйдэл, өндгөвчний олон уйланхайжих хам шинж, ходоод гэдэсний замын хямрал, элэг өөхлөлт, цусны өөх тосны өөрчлөлт, харшил, хайрст үлд, бүр зарим төрлийн хавдрууд ч эмчлэгдэнэ. Ер нь олон өвчнийг дурдаж болно.
-Чихрийн шижин өвчнийг кето дэглэмээр бүрэн анагаах боломжтой юу?
-Би “Кето дэглэм Эрүүл бие” нэртэй фэйсбүүк групп ажиллуулдаг. Энэ группт олон өвчний талаар бичдэг. Өвчин яагаад үүсдэг, яаж хоолоор эмчлэх гээд дэлгэрэнгүй мэдээллүүд оруулдаг. Нэг удаагийн ярилцлагаар хангалттай мэдээлэл өгөх боломжгүй учраас группт маань ороод хүссэн мэдээллээ авах бүрэн боломжтой. Мөн эрүүл зөв хооллолт, өвчнийг хоолоор яаж засч эмчлэх талаар ном бичиж байгаа, удахгүй уншигчдадаа хүргэх болно. Зарим өвчнүүд удамшлын гаралтай байдаг.
Зөв хооллосноор өвчлөхгүй байх, өвдсөн ч засаж хэвийн байдалд шилжиж чаддаг. Хэдхэн өдрийн, сарын эрүүл хооллолт таныг эмчлэхгүй ч насан туршийн эрүүл хооллолт таныг өвчлөхгүй, эрүүл байх үндэс болдог. Нэг өдрийн дасгал хөдөлгөөн нас нэмэхгүй ч насан туршийн дасгал хөдөлгөөн амьдрах насыг уртасгана гэдэгтэй адил. Та тууштай байж, зөв хооллож, амьдралын зөв дадал хэвшилд суралцсанаар өвчнөөс салах болно. Нэг өдөр хоолны дэглэм бариад, нөгөө өдөр замбараагүй идээд байвал эрүүлжих талаар бодоод ч хэрэггүй. “Уруудах хүн унтаж, идэх” гэж ардын зүйр үг бий.
А.СҮЛЕНА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )