Хүн амынх нь 60 хувь нь араб үндэстэн оршдог Кувейт улсад Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэн суухаар болов. Түүнтэй хамт Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Э.Сарантогос, Швейцарь улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг тус тус томилсон нь П.Сэргэлэнгийн дүрийг баахан бүдгэрүүлэв.
Арга ч үгүй. Хамт нэр дэвшсэн хоёр бүсгүйн хувьд яах аргагүй мэргэшсэн дипломатч, зангарагтай хүмүүс аж. Гэхдээ П.Сэргэлэнд давуу тал бий. Тэр Монгол Улсын Алдарт уяач төдийгүй хурдан морь, адууны төлөө амьдралаа зориулж ирсэн моринд дуртай монгол эр хүн. Цагтаа түүний тэргүүлдэг “Мон хангай” групп хурдан морины уралдааныг хөхүүлэн дэмжиж, Монгол Улсад хамгийн том бай шагналыг өгч байв.
Тэр өөрөө ч Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гээд түүний амьдрал тэр чигтээ адуутай холбогдоно. Үүгээр ч зогсохгүй Японы Токио хотод "Адууны бүртгэл, үржүүлгийн" чиглэлээр суралцсан гээд бод. Адуу, хурдан морь, түүнийг уядаг нөхөд бол монгол үндэстний өв соёлыг олон мянган жил тээж өнөөдөрт ирсэн гавьяатай. Тэр тусмаа даяаршлын шуурга үй зайгүй нүдэж байгаа энэ цагт П.Сэргэлэн бол маш том гавьяа байгуулсан гэхэд болно.
Адуу дагасан маш том соёл бий. Тиймдээ ч уламжлалт өв соёлыг тээгчид өдрөөс өдөрт үнэд орж байгаагийн нэгэн жишээ бол П.Сэргэлэн. Төрд ажиллаж байгаагүй тэрбээр 2016 онд гэнэт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар тодорч, Элчин сайдад нэрээ тамгалах хүртэл Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байсан төрийн албаны намтар нимгэнтэй нөхөр.
Хамгийн гол нь тэр төрд ажилласан гэх мэт яах вэ. Ерөнхийлөгч маань өөрөө үндэсний үзэлтэй, уламжлалтай хайртай хүн учраас адуу дагасан соёлоо бодож П.Сэргэлэнг Элчин сайдад санал болгосон байх. Тэр тусмаа Кувейт улс руу санал болгосон байх. Манай уяачдад ч том боломж нээгдэж байна. Тэдний хувьд Кувейтээс адуу экспортлох том боломж нээгдэж байна гэсэн үг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Тэгвэл Монгол улсын элчин сайд биш томоохон баячуудын Араб адууны худалдааны төлөөлөгч юм шив.
өглөөний сонин уг нь монгол руу адуу импортлох тухай санааг гаргасан мөртлөө кувейтаас экспортлох тухай гарчиг өгсөн нь ямар санаатай юм бол уг нь экспорт нь кувейтын талын асуудал харин манай асуудал нь импорт баймаар юм\nимпорт экспорт хоёроо ялгаж ойлгодоггүй юм биш биз дээ