Усан бар жилийн ЗҮГ МӨР гаргах ёс, СУУДЛЫН ЗАСАЛ

2022 оны 02 сарын 01

17 дугаар жарны Сайжруулагч хэмээх Усан бар жилийн зүг гаргах болон суудлын засал


Монголчууд Цагаан сарын шиний нэгний өглөө зүг мөрөө гаргаж, тухайн жилийнхээ цээрийг гаргаж, сайн сайхныг бэлгэдэн ерөөдөг.

Зүг мөрөө гаргахаад өөрийн цог хийморийн зүгт гараад, буян хишгийнхээ зүгээс ирдэг. Гэхдээ зарим суудалд суусан хүмүүсийн гарах зүг өөрчлөгддөг. Тэр нь юунаас хамаарч байна вэ гэхээр тухайн жилийн хар нохойн ам буюу гарч болдоггүй зүг гэж байна. Хар нохойн ам нь жил бүр өөрчлөгддөг.

Өнгөрсөн үхэр жилд хар нохойн ам зүүн хойд зүгт байсан. Энэ жил хар нохойн ам чанх зүүн зүгт байна. Тиймээс энэ жил тухайн зүгт цог хийморийн зүг нь байгаа хүмүүс зүүн зүг рүү гарч болохгүй.

Хар нохойн ам руу цог хийморийн зүг нь харчихсан байгаа хүмүүс амин зүг, эмийн зүгийн аль нэг рүү гараад буян хишгийнхээ зүгээс ирнэ.

Түүнчлэн байр орон сууцанд амьдардаг хүмүүс зүг мөрөө гаргахад хүндрэлтэй биш. Гадаа гараад маш бага хэмжээтэй газар байсан ч тэр газартаа нэг цэг аваад тэр цэгээсээ цог хийморийн зүг рүүгээ хэд алхаад, цэгээ нар зөв тойрч буян хишгийнхээ зүгээс нөгөө цэг дээрээ очиход болно гэдгийг зурхайч хэлж байна. Мөн есөөс доош насны хүүхдийн зурхай, засал номыг тусад нь онцгойлж хийдэггүй. Тэдгээр нь эцэг, эхийнхээ зүг мөр, засал номоор зан үйл нь болж байдаг гэдгийг дурьдах нь зүйтэй. 
 


“Оточ манрамба” их сургуулийн судлаач багш, “Манба дацан хийд”-ийн зурхайч Д.Сайнсайханы хар нохойн амыг тооцон гаргасан ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРХАЙ, СУУДЛЫН ЗАСАЛ НОМ
 

 

СУУСАН СУУДЛЫН АНХААРАХ ЗҮЙЛС, ЗАСАЛ НОМ

ГАЛ: Дайсан болон хэрүүл тэмцэл хэл ам ирэх. Балгадын үйл, хүүрийн газар, хурим найранд очих, хиншүү хярвас тэргүүтний үйлийг цээрлэ. Толгой, нүд, зүрхний өвчин ирэх. Цагаан шүхэрт, Доржнамжим, Цэнд, Жадамба, До-дүд уншуул.

ШОРОО: Хүүр, бэр, шорооны үйл бүгдийг цээрлэ. Бадарч, Догсүм, Сундуй, Сааюм, Өнцгийн засал хийлгэ.

ТӨМӨР: Цэрэг хийгээд хүүрийн үйлийг тэвч. Цанх, хатгалгаа өвчин, яр, цусан суулга, уушги, зүрх, үе мөчний өвчин ирэх. Нанжид, Жамбалцанжид, Сундуй уншуул.

ОГТОРГУЙ: Ууланд гал бүү гарга. Цэрэг хийгээд нөгцөгчдийн үйлээс цээрлэ. Уушгины өвчин, хөл гар, үе гишүүний өвчин ирэх. Алтангэрэл, Нити, Ширнэн, Намхайнинбу-до уншуул.

УС: Догшин нуурыг оролдох тэргүүтэн усны үйлийг тэвч. Бөөрний өвчин, суулгах өвчин, тэргүүтэн ирэх. Доржнамжин, Алтангэрэл, Лүмбэмгарав, Сундуй уншуул.

УУЛ: Чулуу, уул хад эвдлэх хийгээд мод чулууны үйлийг тэвч. Нүдэт яр, чигаа, хамуу, халдварт өвчин ирэх. Жадамба, Цагааншүхэрт, Довучи-до, Ханчиннагва, Сац талби.

МОД: Догшин газрын модыг бүү огтол. Чулуу, хадыг бүү ховхол. Модчины багаж хэрэгслэлийг бүү худалдан ав. Ан ав бүү хий. Хатгалгаа өвчин, бадгана, лусын. Өвчин, элэг, цөсний өвчин тэргүүтэн ирэх. Сундуй, Нити, Лусын балин гаргуул.

ХИЙ: Бэр өгч, авах, бэлэвсэн эхнэрийн газраас идээ идэх, тангараг буцах, халдварт өвчин тэрүүтнээс цээрлэ. Зүрхний өвчин, толгой эргэх, манарах тэрүүтэн өвчин ирэх. Жадамба, Догсүм, Ширнэн олон удаа, Усан балин, Нялхасыг баясга.

 

Top