"Буузыг гадаа хөлдөөж, хэрэглэх нь утаа, тортог идсэнээс ялгаагүй"

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед айл бүр бууз, баншаа бэлтгэж байна. Тиймээс гэрийн нөхцөлд бууз бэлтгэх болон худалдаж авахдаа анхаарах зүйлсийн талаар мэргэжилтнүүдийг зөвлөгөөг хүргэж байна.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 


Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Л.Баясгалан "Иргэд гадуур худалдаалагдаж байгаа хөлдөөсөн бууз, баншийг авахдаа чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.  Тухайн бүтээгдэхүүний орц, үйлдвэрлэгчийн нэр зэргийг нэг бүрчлэн шалгаж, гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн худалдан авах нь их чухал. 

Харин гэртээ, гар аргаар бэлтгэж байгаа бол эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хийж, хөлдөөх нь чухал. 

Нийслэлд өвлийн улиралд агаар, орчны бохирдол маш их үүсдэг. Тиймээс буузаа хөлдөөхдөө гадаа гаргахгүйгээр, бага хэмжээгээр хөргүүрт хийх байдлаар бэлтгэхийг зөвлөж байна" гэдгийг сануулав. 



Харин агаарын бохирдол, утаа их байгаа үед буузыг гадаа хөлдөөвөл ямар сөрөг нөлөөтэй талаар МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерийн тэнхимийн эрхлэгч Ч.Сономдагва "Өвлийн улиралд агаарын бохирдол нэлээд өндөр түвшинд хүрдэг. Ялангуяа энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү их утаатай байна. Агаар, орчны бохирдол их байгаа энэ үед, ялангуяа галлагааны цаг болох 19:00- 02:00 цагийн үед бууз хөлдөөх нь эрүүл мэндэд хортой.

Учир нь буузны гадаргуу дээр агаарт байгаа тоос, тооцсонцрууд бууна. Гэр хороолол орчимд байдаг бол хөө, тортог ч буух магадлалтай.

Тиймээс иргэд буузыг хөлдөөхдөө зориулалтын хөлдөөгч эсвэл хүнсний агуулах гэх мэт битүү орчинд байлгах хэрэгтэй. 

Хүний амьсгалаар нарийн ширхэгтэй тоосонцрууд орж байдаг. Том ширхэгтэйг нь бол хамгаалах эрхтний тусламжтайгаар шүүдэг. Гэтэл идэх гэж байгаа зүйлийн гадаргуу дээр том ширхэгтэй тоосонцор, хөө, тортог наалдвал хамгаалах эрхтэн шүүж чадахгүйгээр шууд биед орно гэсэн үг. Энэ тоос, тоосонцорт хар тугалга, хром, зэс гэх мэт төрөл бүрийн хүнд элементүүд агуулагддаг. Эдгээр нь хүний биед орвол эрүүл мэндэд маш их сөрөг үр дагавар үзүүлдэг" хэмээн сэрэмжлүүллээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.216) 2022 оны 01 сарын 21

BALKONOO GYALTAITAL NI UGAAGAAD UVUL BOLSON CHINI TAS HAR UNS BOLJIISHD

0  |  0
Top