З.Балдандугар: IV тун халдварын хүндрэлийг 90 хувь бууруулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Омикрон вирусний давлагаа эрчимтэй тархаж байгаа энэ үед Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, Анагаах ухааны доктор З.Балдандугартай IV тунгийн хамрагдалт болон тус эмнэлгийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.


-Омикрон хувилбар хурдацтай тархаж буй энэ үед эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Он гарсаар Омикрон хувилбар манай улсад хурдацтай тархаж халдварын тоо эрс нэмэгдлээ. Дүүргийн хэмжээнд Омикрон хувилбарын тархалт маш хурдтай нэмэгдэж байна. Дүүргийн хэмжээнд III тунгийн дархлаажуулалтаа он дуустал 65 хувьтай хийсэн. Ковидоор хэвтэн эмчлүүлж буй иргэдийн байдлыг судлахад I, II тундаа алдаг оног хамрагдсан иргэдийн биеийн байдал гол төлөв хүндэрч байна. Огт вакцинд хамрагдаагүй иргэд яаралтай эрчимт эмчилгээний тасаг руу шилжих, огцом хүндрэх шинж тэмдэг ажиглагдаж байгаа юм.

Омикрон нь Дельта хувилбарыг бодвол вакцин хамрагдсан иргэдэд хөнгөн, харин бага насны хүүхдүүдэд хүнд тусаж байна.

Тийм учраас вакцинд хамрагдаагүй хүүхдүүддээ халдвар тараахаас сэргийлэх хэрэгтэй. Хүүхдэд Омикрон хувилбар нь хоолой өвдөх, ханиалгах, халуурах зэргээр томуутай хавсарч илэрч байгаа учраас ялган оношлох тал дээр цаг хугацаа зарцуулдаг. Ялган оношлохын тулд заавал ковидын шинжилгээ авч байж оношилно шүү дээ. Амбулаториор үйлчлүүлж буй хүүхдүүдийн 50 хувь нь Омикроны халдвартай байна. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд нэмэгдсэн.

Вакцинд хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, суурь өвчтэй хүмүүс буюу сахарын өвчлөл, артерын даралттай иргэд халдвар авч хүндэрч буй учраас хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.

-Дархлаажуулалтын IV тунд иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Он гарснаас хойш IV тунд 7000 гаруй иргэн хамрагдсан. Өндөр настнууд идэвхтэй хамрагдаж байна. Залуус маш идэвхгүй байна шүү. 18-аас дээш насны залуус нийгмийн амьдралд хамгийн их идэвхтэй оролцдог учраас халдвар гэртээ тээж аваачаад байна. Залуу хүмүүс өөрсдөө дархлаа сайтай, бие сайтай байгаа болохоор хөнгөн өвдөөд эдгэдэг. Гэртээ байгаа бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд гээд ямар ч гэм зэмгүй хүмүүсээ халдварлуулаад байна. Тэд маш эмзэг учир халдвар хүндрэх өндөр эрсдэлтэй. Тиймээс хайртай бүхнээ хамгаалаад залуусыг дархлаажуулалтдаа идэвхтэй хамраасай гэж хүсэж байна.

-Ковидын шинж илэрсэн иргэд түргэвчилсэн тестээр өгөхөөр “сөрөг” гарсан хэр нь хэд хоногийн дараачаас биеийн байдал нь хүндэрч “эерэг” гарч байна гэж байсан. Иргэдийн оношилгоог цаг алдахгүй илрүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Өрхийн эмнэлгүүд болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байгаа. Гадуур эмийн санд олон төрлийн түргэвчилсэн тест борлуулж буй. Тестээр илрэхгүй бол томуугийн эмчилгээ хийж байна. Түргэвчилсэн тестээр “сул эерэг” юм уу “эерэг” гарвал PCR шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Хоолой сөөх, халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрч байвал эмнэл зүйгээр баталгаажуулж яаралтай эмчилгээ бичдэг.

Манай эмнэлэгт өдөрт 100 иргэн PCR шинжилгээ өгөх нормтой. Тус шинжилгээ нь үнэ төлбөргүй. Оны өмнө тус шинжилгээ өгсөн хүмүүсийн 10 хувь нь “эерэг” гарч байсан бол одоогийн байдлаар 50 хувь нь халдвартай гарч байна.

-ДЭМБ-аас IV тунг хийлгэх тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Манай улс ямар орнуудын ямар туршлага судалсны үндсэн дээр IV тунд хамруулж байгаа вэ?

-Олон улсын туршлага бий. ДЭМБ III болон IV тунг сайн дурын үндсэн дээр хийх чиглэл өгсөн. ДЭМБ-аас Омикрон хувилбар нь Дельта хувилбараас илүү хурдан тархах чадвартайг баталсан учраас эрсдэл өндөр гарна гэж тооцсон. ЭМЯ-ны эрдэмтдийн зөвлөл нь Израйль болон Африк улсын туршлагаас судалж байна. IV тунгаар Израйль улс иргэдээ дархлаажуулаад эхэлсэн. Тус улс нь IV тунд хамрагдсан тохиолдолд халдвар багасч байна, халдвар авсан ч хүндрэх магадлалыг 90 хувь бууруулж байна гэсэн судалгаа гарсан. Энэ судалгаа нь олон улсад хийж буй омикрон хувилбарын хариу арга хэмжээний хүрээнд гарсан. Манай улс файзар вакциныг IV тунд хийж байгаа.

-“Файзар” компанийн эрдэмтдийн зөвлөлөөс IV тунг 4-5 сарын дотор хийлгэх нь тийм ч зөв зүйл биш гэж мэдэгдсэн гэдэг. Ер нь удаах тунгаа хэдэн сарын дараа хийлгэвэл зохимжтой вэ?

-Ковидын халдвар аваад 21 хоногийн дараа вакцинд хамрагдаж болно. Вакцинд хамрагдсанаас хойш 5-6 сар болж байж дараагийн тунгаа хийлгэх хэрэгтэй. Зургаан сарын дараа дархлааны үйлчилгээ сулрах тул дархлаагаа сэргээх зорилгоор тарих нь зүйтэй. Ер нь эрдэмтэд ковидын вирус хувираад байгаа болохоор цаашид томуутай хавсарч жилдээ нэг вакцинд хамрагдах шаардлага гарах болов уу гэж  үзэж байгаа юм билээ.

-Жирэмсэн болохоор төлөвлөж буй болон жирэмсэн эхчүүд дархлаажуулалтад хамрагдах нь зөв юм уу?

-Өмнөх туршлагаас харахад жирэмсэн болохоос өмнө болон жирэмсэн эхийн ураг гурван сараас дээш сартай бол вакцин тариулж болно гэсэн байдаг. Цар тахалтай сүүлийн хоёр жилийг ажиглахад жирэмсэн эхчүүд ковидын халдвар авч маш их хүндэрч ирсэн. Тиймээс жирэмсэн эхчүүдийг вакцинд сайн дураар хамрагдахыг зөвлөсөн. Мэдээж хүчээр шахахгүй. Өнөөдрийн байдлаар ч жирэмсэн эхийн халдварын тоо маш их нэмэгдэж байна.

-Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг өнөөдрийн байдлаар тусгаарлалтын хэдэн ор дэлгэсэн байна вэ. Мөн орны хүрэлцээ хэр байна вэ?

-Манай эмнэлэгт 150 ор дэлгэсэн ажиллаж байна. Хэвтэн эмчлүүлж буй өвчтөн нь 180 орчим байна гэхээр халдвар авсан иргэдийн хүндрэл хэр байгааг харуулж байгаа байх. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 10 орчим хувь нь яаралтай эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

-Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв эмнэлэгт үндсэн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн тоо хэр байна вэ. Ямар өвчлөл голлох хувийг эзэлж байна вэ?

-Амьсгалын замын өвчлөл байнга өндөр байгаа. Өдөрт амбулаториор 1000 гаруй үйлчлүүлэгчтэй байна. Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, бөөрний аппарат, мэс засал, зүрх судас, хавдар зэрэг үндсэн эмчилгээ үйлчилгээ хэвийн явж байгаа.

-Сүүлийн нэг жилийн хугацаанд эмнэлгийн хэмжээнд ямар туршлага нэвтрүүлж, шинэ техник технологиор хүч сэлбэсэн бэ?

-Ковидтой хоёр жилийн хугацаанд эмч нар маань маш их туршлагатай боллоо. Тандалт судалгаа, халдваргүйжүүлэлт, тусламж үйлчилгээ, эмчилгээний тактик боловсруулах тал дээр маш сайн боловсорсон. Эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эм тариагаа ч хангалттай нөөцөлсөн болохоор хүндрэл багатай байлаа. Ажлын хэвийн горимд шилжээд ирэхээр эмч ажилчдын ажлын бүтээмж нэмэгдэж, сэтгэл зүйн байдал ч тогтворжоод ирсэн. Өмнө нь эмч нараа 14 хоногоор тусгаарлаж байсан бол одоо халдвар хамгаалалтаа чанд сахиад ажлын цагийн хэвийн горимд шилжсэн. Хамгийн гол нь үндсэн тусламж үйлчилгээгээ орхигдуулахгүй байх нь чухал гэдэг дээр анхаарч ажиллаж байна.

Он гарсаар хавдрын хэд хэдэн мэс засал хийлээ. Анх удаа элэг тайрах мэс засал хийсэн. Энэ мэс засал дэвшилттэй, бахдууштай үйл явдал болсон. Оны эцэст олон эмч хөдөлмөр чадвараа үнэлүүлж Алтан гадас одон болон Хөдөлмөрийн хүндэт тэмдгээр шагнууллаа. Эрүүл мэндийн байгууллагуудаас манай эмнэлэг Нийслэлийн шилдэг байгууллага болон Хөдөлмөрийн аваргаар шалгарлаа. Энэ амжилт маань эмнэлгийн маань дэвшилттэй давуу талыг харуулж байгаа байх аа.

-Дүүргийн эмнэлэгт хэрэгцээтэй байгаа эмчилгээний хэрэгсэл, эм тарианы тасалдал хэр байна вэ?

-Амьдрал хэвийн горимдоо орж байгаа учраас эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаа, зохион байгуулалтад анхаарах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн яамны зүгээс зайлшгүй шаардлагагүй зүйл дээр мөнгө зарахгүйгээр тэр мөнгийг ковидын үед илүү цагийн мөнгө, урамшуулалд зарцуулсан. Иргэнд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх дотоод тохижилтын ажлыг энэ оноос хийх шаардлагатай байгаа. Шаардагдах эм хангамжаа хангалттай нөөцөлсөн учраас тасалдал үүсээгүй.

-Энэ онд эмнэлгийн байгууллага ямар зорилго зорилт тавьж ажиллаж байна вэ?

-Манай төв нь 400-аад ажилтантай, иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн хоёр үндсэн чиглэлээр үзүүлдэг. Ковидын үед эмч нар маань сэтгэл зүйн хувьд хүнд, тандалт судалгаа, тусгаарлалт руугаа чиглэж ажилласан. Энэ утгаараа үндсэн ажлын байран дээрээ тогтвор суурьшилгүй ажилласан тул ёс зүйн байдал суларсан байдал ажиглагдсан. Тиймээс энэ жилийг ёс зүйн өндөр хариуцлагын жил болгож байгаа. Энэ хүрээнд ёс зүй болон сургалт ур чадварын сургалт явуулах төлөвлөгөөтэй.

-Дүүргийн өрхийн эмнэлгүүд хэр ачаалалтай байна вэ. Иргэдийн зүгээс  өрхийн эмнэлэгт ковидтой иргэд нялх нярай хүүхдүүд холилдоод байна гэсэн гомдол шүүмж ирдэг юм билээ?

-Өрхийн эмнэлгийн төвүүд ачаалалтай байгаа учир нэмэлт хүчээр ажиллаж байна. Анхан шатны байгууллага гэдэг утгаараа үйлчлүүлэгчидтэй шууд харьцдаг. Ойрын хавьталд орсон болон эмчилгээ хийлгэж гэрээр хэвтэж байгаа хүмүүстээ хяналт, тандалтыг хийдэг. Ойр байрлах хоёр өрхийн эмнэлэг хамтарч ажиллаад нэг нь ковидтой иргэдийг, нэг нь нялх нярай хүүхдийг тус тусад нь хүлээн авч үзэх зохион байгуулалтыг хийсэн. Мөн манайх хүүхдийн амбулаторитой. Түүний хажууд хувийн хэвшлийн байгууллагатай гэрээ хийгээд нэмэлт амбулатори ажиллуулж байгаа. Мөн эрүүл мэндийн төвдөө хүүхдийн амбулатори ажиллаж байна. Тиймээс иргэд өрхийн эмнэлгээсээ мэдээлэл аваад заавал бөөгнөрөл үүсгэхгүй холбогдох амбулаториор үйлчлүүлж болно.

-Өрхийн эмнэлэгт ковидын шинжилгээ өгөх гэж ирсэн иргэд өөрсдөө түргэвчилсэн тест худалдаж авч очиж байгаа. Зүй нь бол өрхийн эмнэлгээс түргэвчилсэн тестийг хангавал иргэдэд санхүүгийн дарамт бага ирэх болов уу?

-Эрүүл мэндийн даатгалаас багцын шинжилгээ 160 мянган төгрөг олгодог. Өрхийн эмнэлгүүд үүнээс түргэвчилсэн тестээ аваад, үзлэг шинжилгээгээ хийгээд, эмийг нь бичээд өгөх, эмч ажилчдынхаа илүү цагийн мөнгийг бодож өгөх ёстой юм. Гэвч тэр боломж бололцоо нь хомс байдаг учир аль болох иргэд өөрсдөө тестээ аваад ирвэл сайн байдаг. Иргэд эмийн сангаас түргэвчилсэн тесттэй ирвэл шинжилгээ аваад өгөх, тестгүй ирсэн болон тест авах боломжгүй хүнд өрхийн эмнэлгээс гаргаж түргэвчилсэн тест өгөх учиртай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуульч(202.179.26.29) 2022 оны 01 сарын 27

хуцдаг хүүрнүүд шүү энэ хэдэн улсын эмнэлгийн хэдэн мал, морь унасан толгойгүй юмнууд

0  |  0
(59.153.113.89) 2022 оны 01 сарын 26

ene olon vaktsin hiilgeed biyed hariu nuluug ni yaagaad yarihgui bainaa,zuvhun 1 talig bariad bahin?,nemej hiilgemeergui minii biye turshiltin material bish,tarhini esuud uheed mangar bolovol yaahiin yavaandaa

0  |  0
Top