"Хоёр хэсэгт гэмтэл гарсан, шөнөдөө багтааж засварлана"

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангадаг "Амгалан" дулааны станцад гэмтэл гарсны улмаас тухайн станцаас халаалт авдаг айл өрхүүд 22:00 цаг орчмоос эхлэн халаалтгүй болсон.

Эх сурвалжийн мэдээлснээр тус станцад болон "Монгол кино үйлдвэр"-ийн орчмын дулааны шугамд гэмтэл гарчээ.

"Улаанбаатар дулааны сүлжээ" болон "Амгалан" дулааны станцын ажилчид эвдрэлийг засаж, өнөө шөнөдөө багтаан айл өрхүүдэд халаалтыг хэвийн өгөхөөр ажиллаж байна. 

Гэмтлийг хэр хугацааны дараа засварлаж дуусах талаар "Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн эх сурвалжаас тодруулахад "Амгалан дулааны станцад тог тасарснаас шалтгаалаад сүлжээний насосууд нь зогссон. Мөн "Монгол кино үйлдвэр" орчмын шугамд гэмтэл гарсан. Манайхаас яаралтай хоёр баг гарч, шугамд гарсан гэмтлийг засварлахаар ажиллаж байна. 

Харин "Амгалан" дулааны станцад гарсан гэмтлийг тус станцын шуурхай бригад засварлаж байгаа. Халаалт зогссон байруудын дулааныг эргэлтийн горимтой байлгаж, хөлдөлт үүсэхгүй байх тал дээр бүх орон сууцны конторуудад үүрэг өгсөн. 

Томоохон хэмжээний гэмтэл учраас засварлаж дуусах тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Шөнөдөө багтаан нийслэлийн зүүн зүгийн хэрэглэгчдийг халаалт, халуун усаар хангахын тулд манай бүх инженер, техникийн ажилчид шуурхайлан ажиллаж байна" гэлээ. 

Харин Нийслэлийн шуурхай штабаас "Нэмж гэмтэл илрэхгүй бол гурван цагийн дараа дулааны сүлжээг дүүргэж, өглөө гэхэд хэрэглэгчдийг дулаанаар бүрэн хангана" гэсэн мэдээлэл өглөө. 

Ингэхдээ "Амгалан дулааны станцад тог тасарч, сүлжээний насос зогссоны улмаас ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч, хотын дулааны сүлжээний даралт эрс өссөн байна. Одоогоор хоёр газрын дулааны сүлжээнд гэмтэл илэрлээ. Хотын зүүн хэсгийн дулаан хангамж тасалдсан. УБДС ХК-ийн 2 бригад гэмтэл устгах ажлыг гүйцэтгэж байна. "Амгалан" дулааны станцын гаралтын тойруу хаалтны гагнуур дууссаны дараа зүүн хэсгийн дулаан хангамжийг сэргээнэ.

"Амгалан" дулааны станцад ЭХЯ-ны ТНБД-аар ахлуулсан баг болон УБДС ХК-иас нэмэлтээр гагнуурчин орж ажиллаж байна. УДДТ-ийн усыг бүрэн буулгасан. Бусад нь залгагдахад бэлэн байгаа. 

Нэмж гол шугам дээр гэмтэл илрэхгүй бол ойролцоогоор гурван цагийн дараа сүлжээг дүүргэж, залгана. Хэрэглэгчдийн халаалт өглөө гэхэд бүрэн сэргэнэ. Хэрэв салаа шугаманд гэмтэл илэрвэл тасалж, бусад хэсгийн хэрэглэгчдийн халаалтыг залгах зохицуулалт хийнэ" гэж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top