ОЛОН ӨНГӨ: Тоглоомын улсын толгойгүй ард түмэн

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 29

“Учир мэдэхгүй хэдэн хүүхэд Улс болон тоглож байна” гэж нэрт яруу найрагч бичсэнээс хойш 40, 50 жил өнгөрч байгаа ч байдал дээрдсэнгүй. Ардчилал нэрийн дор улам хүмүүсийн хүн чанар устан мөхөж, төрийн нэр барьсан хулгайч, луйварчдын үйлдэл нь хэрээс хэтэрсээр өнөөдрийг хүрлээ.

Тэтгэвэрт гарч чадаагүй бурхан болсон хүний цалингийн зээлийг үр хүүхэд, хань ижлээр нь бүрэн төлүүлэхдээ хууль нь үйлчилдэг хэрнээ хэдэн арван тэрбумаар нь төрөөс зээлсэн дарга сэтэртэнгүүдийн зээл “чанаргүй” ангилалд шилжиж, ард түмэн татварын мөнгөөрөө төлж барагдуулсаар өнөөдөртэй золгож байна. Цаашид ч энэ байдал засрахгүй байх магадлал өндөр. Улс орныхоо ирээдүйн сайн сайханд итгэх иргэдийн итгэл улам бүр багасч, хонгилын үзүүр дэх гэрэл бүдгэрсээр удлаа.

Хүүхдүүд нь зүгээр л гудамжинд гүйж яваад машинд дайруулж, тоглоомын талбай дээр тоглож байгаад тогонд цохиулж, хууль зөрчсөн барилгын тогтоол усанд живж, тэр бүү хэл гэртээ орох гэж явахдаа лифтний хаалгаар унаад нас бардаг боллоо. Эдгээр нь зүгээр нэг золгүй тохиолдол, азгүй явдал биш юм. Хэн нэгэн дарга хууль зөрчин барилгын зөвшөөрөл олгож, хурган даргаар яриулан жолооны үнэмлэх худалдан авсан, шаардлага хангаагүй байр, орон сууцыг авилга авч хүлээн авснаас болж амь насаараа хохирлоо. Улс болон тоглож байгаа хэдэн нөхдийг үе улируулан төрийн эрх барих байгууллагад сонгож, тавгийн боов, талхны үйрмэг тараахаар нь төрийн хишиг хэмээн хормойгоо тосон авч, магнайдаа залан тахисан толгойгүй биднээс бас болж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top