Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлуудыг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 30

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж байгаа “Ази, Номхон далайн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх нь” техник туслалцааны буцалтгүй тусламжийн төслийн нээлтийн семинар өнгөрсөн лхагва гарагт (2022.01.26) боллоо.

Энэхүү төсөл нь 2021-2023 оны хооронд үргэлжлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшигт үзэгдлийг бууруулах чиглэлд бодлогын шийдвэр гаргагч нарын чадавхыг бэхжүүлэх зорилготой. Уг төсөл манай орноос гадна Азийн хөгжлийн банкны гишүүн Индонези, Армени улсуудад хэрэгжиж байгаа юм.

 

 

Нээлтийн үеэр БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж хэлсэн үгэндээ “Энэ төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлуудыг хөгжлийн бодлого, улсын төсвийн төлөвлөлтөд тусгахад чиглэсэн. Тиймээс тус зорилтын хүрээнд бодлогын зөвлөмжүүдийг боловсруулах, уур амьсгалын эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, дасан зохицох олон улсын тэргүүн туршлагын сургалтын модуль боловсруулах зэргээр ихээхэн ач холбогдол өгч оролцогч талуудыг манлайлан ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Тус үйл ажиллагааны нээлтэд БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран болон төрийн болон төрийн бус байгууллага, судалгаа, шинжилгээний байгууллагуудын нийт 50 орчим төлөөлөл оролцлоо.

 

 

Семинарын үеэр төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, улс орны урт, дунд хугацааны хөгжлийн болон макро эдийн засгийн бодлогод хэрхэн уялдуулах цаашид энэ чиглэлээр хэрэгжиж байгаа бусад төсөл хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдаа холбоог хангах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top