Малын өвчин гарч, хяналт сайжирсан ч махны үнэ өссөөр байна

2022 оны 02 сарын 01

Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед айл хотлоороо бууз баншаа хийх ажил ундарч, шувтрах тийшээ хандаж байна. Буузаа хийж амжаагүй хүмүүс бөөний төвийн махны тасгаар их байлаа. Цагаан сарыг өргөн дэлгэр биш ч тэмдэглэж болно гэсэн учраас махны үнэ нэмэгдэж эхэлжээ. Буузгүйгээр Цагаан сарыг төсөөлшгүй болохоор махны үнэ өссөн хэдий ч авахаас өөр аргагүй. Жилийн жилд хаврын сард тэнгэрт хаддаг махны үнэ сар шинийг угтаад ямар үнэ ханштай болсон талаар сурвалжиллаа.


ИРГЭН М: БУУЗАНДАА БАЙЦАА ХОЛИХООР МАХАНД ХЭМНЭЛТТЭЙ БАЙДАГ


Олны хөл ихээр цуглардаг "Бөмбөгөр" худалдааны төвд хөл гишгэх зайгүй хүнтэй байлаа. Бэлэг сэлтээ цуглуулж буй иргэд, саладны жимс ногоогоо базааж буй эзэгтэй нар худалдагчийн дуунаас давах гэж үнэ ханш асууж хэрдээ л шаагилдана. Тус төвийн махны тасагт мөн л хүн ихтэй угтлаа. Худалдагчид хутгаа ирлэн хормогчиндоо арчаад үйлчлүүлэгчдийн асуултанд хашхирах шахам хариулна. Шаламгай байрын идэрмэг залуус махыг сурмаг гэгч нь эвдэж, жиргэн бөндийлгөнө.

Тэд “Буузны маханд таарсан сайхан цул мах бий шүү. Өөхийг нь ялгаад өгсөн ч болно. Хэдэн кг-ийг авах вэ” хэмээн хутгаа шүүрнэ. Хонины ястай мах 11 мянган төгрөг, үхрийн ястай мах 13500 төгрөг, үхрийн цул мах 14500 төгрөг, адууны ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянган төгрөг, ямааны ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянган төгрөг байна гэж байлаа. Иргэд голдуу үхрийн цул мах сонирхож эргүүлж тойруулж шинжиж байв.

Хижээл насны эмэгтэй зургаан килограмм цул мах авахад 87 мянган төгрөг болж байлаа. Түүний гарт тортой байцаа, броиккли тэргүүтэн байх агаад мөнгө нь хүрэхгүй байгаа бололтой худалдагчаас үнийг нь дахин дахин тодруулна.

Худалдан авагч М “Манайх хонины махтай холиод буузаа хийнэ. Ажил төрөл амжихгүй өнөөдөр л зав гарч махаа авлаа. Манайд энэ жил хэдэн хүүхдүүд маань л ирэх байх. Тийм болохоор энэ жил 800-аад бууз хийх санаатай. Бууз хийхэд махандаа л хамаг үнэ нь явж байна шүү. Буузандаа байцаа хольж хийхээр арвин бас амттай, шүүслэг, бас маханд хэмнэлттэй болдог. Би буузандаа байцаа, броккли хольж үзэх санаатай байгаа” гэж байлаа.

Баянзүрх дүүргийнхний хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний гол төв болох Баянзүрх захад махны үнэ ханш дээрх төвийнхтэй ойролцоо байсан юм. Тэгвэл махны бөөний төв Хүчит шонхор зах дээр хонины ястай мах 10500 төгрөг, хонины цул мах 10800 төгрөг, үхрийн ястай мах 12 мянган төгрөг, цул мах 14 мянган төгрөгний ханштай байв. Тус захаар хөгшин хөвөө, хүүхэд шуухдаа дагуулсан худалдан авагчид махны тасагт эргэлдэнэ. Хүчит шонхор зах дээр адууны мах ястай нь 9500 төгрөг, цул нь 8800 төгрөг гэж байлаа. Зарим айлууд сар шинийн буузандаа адуун мах хольдог.

Өндөр настан Н “Эмээ нь энэ жилийн сар шинээр нэг их бууз хийхгүй ээ. Ач охинтойгоо нийлээд 300 бууз боочихно. Буузандаа адууны мах, сүүлний өөх, ямааны мах холиод л бол оо хүүхээ. Махны үнэ түрүү долоо хоногоос 300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Баяр наадам дөхөхөөр юмны үнээ нэмээд байх юм аа. Тэтгэврийн хэд нь чүүтэй чаатай л хүрч байна шүү хүү минь” хэмээн дуу алдав. Тэрбээр таван килограмм адууны мах, нэг сүүлний өөх аваад охиноо хөтлөөд явж одлоо.

Буузны амтыг тослог, шүүслэг, амтлаг болгодог зүйл бол сүүлний өөх, үнэ ханш нь 5000-6000 төгрөг байх бөгөөд том жижгээр нь уутлаад тавьчихсан нь худалдан авагчдад амар байлаа.

 

ХОТЫН ТӨВИЙН ЗАХУУД БӨӨНИЙ ТӨВӨӨС 2000-3000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ МАХ ХУДАЛДААЛЖ БАЙНА


"Хүчит шонхор" захын махны үнэ бусад худалдааны төвүүдээс даруй 2000-3000 төгрөгийн хямд өртөгтэй аж. Тийм дээ ч хол ойроос хүмүүс зорьж очдог билээ.

Хотын төвийн захуудтай харьцуулахад “Меркури” зах дээр үхрийн ястай мах 16500 төгрөг бол цул мах 18500 төгрөг гэж байгаа юм. Унаа тэрэггүй, хөл явж чадахгүй, хөл гар муутай, хүн бүл цөөтэй айл яах аргагүй л гэрийнхээ ойролцоох захаас худалдан авалтаа хийдэг. Тэгэхээр “Меркури” захтай ойрхон айл өрхүүд бөөний захаас даруй 2000-3000 төгрөгийн үнэтэй мах хэрэглэдэг байх нь.

Энэ өдөр хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.7 хувиар буюу 296 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.19 хувиар буюу 140 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.64 хувиар буюу 88 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.78 хувиар буюу 278 төгрөгөөр буурсан байна.

Тэгвэл иргэдийн ихээр үйлчлүүлэх дуртай “Номин” супермаркетад хонины ястай мах 11 мянган төгрөг, үхрийн ястай мах 14 мянган төгрөг, үхрийн цул мах 16 мянган төгрөг гэж байлаа. Хотын төвийн супермаркетуудаар үйлчлүүлж буй иргэдийн амьдралын боломж харьцангуй гайгүй байдгийн тод жишээ нь тэд том тор дүүртэл хүссэн зүйлсээ ажрахгүй түүж байлаа. Зарим нэг нь үнийг нь ч харахгүй түрж яваа тэргэндээ овоолж байх бөгөөд голдуу л сар шинийн баярын ширээний амттан шимттэн цуглуулах аж. Иргэд баярын салатанд холих тахиа, гахайны махаа ч мартсангүй.

Худалдан авагч С “Ах нь сар шинийн буузны махаа "Хүчит шонхор" захаас авсан боловч махан дотроо цагаан цагаан булчирхай шиг юм их байсан болохоор сэжиглээд нохойны хоолонд өгсөн. Буух эзэнтэй буцах хаягтайгаар нь “Номин”-гоос мах авч байгаа минь энэ. Үнэ жаахан өндөр байгаа ч одоо яалтай билээ” гэж халаглаж байлаа. Сар шинийн баяр өнгөрөөд хаврын тарчиг үе эхэлж махны үнэ 20 мянгад хүрдэг. Үүнтэй уралдаж нөөцийн мах худалдаалж эхэлдэг бөгөөд хотын төв дахь томоохон, зах супермаркетуудаар нөөцийн мах мэр сэр харагдаж байлаа.

Энэ оны эхний сарын байдлаар махны жижиглэнгийн үнэ өссөн үзүүлэлттэй байна. Махны үнэ ханш өнгөрсөн сард тогтворжиж байсан ч хил гаалийн асуудал, мөн малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг худалдаачид учирлаж байлаа.

Тухайлбал, жижиглэнгээр үхрийн цул мах килограмм нь 13000-16000 төгрөг, хонь болон ямааны мах 10000-12000 төгрөгийн ханштай байгаа аж. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас махны үнэ тогтвортой, хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна. Малын халдварт өвчин гарсантай холбоотойгоор хяналт шалгалтыг сайжруулсан ч үнэд огт анхаарахгүй байгаа дүр зурагтай байлаа.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top