ОЛОН ӨНГӨ: Сэтгэлийн хойморт цэнхэрлэх балчир насны сар шинэ

2022 оны 02 сарын 01

Билгийн тооллын Буян үйлдэгч хэмээх Усан бар жил айлчиллаа. Айл хотлоороо, ах дүүсээрээ, аймаг сумаараа сайхан шинэлж байна уу. Нялх төлийн дуу малчны хотонд цангинаад, хавар цагийн уран зэргэлээ мяралзах нь нэн тааламжтай сайхан. Хавар цаг уудам эх нутагт минь айлчлан ирж буй ахуйд бага насныхаа Цагаан сарын тухай амттайхан дурсамж тодрох авай. Тэр тухайд товчхон өгүүлсү.

Шивхэрсэн тэмээд зэлэн дээр хамар шүүхрүүлэн, цангаа сэгсрэн, гоёмсог тохмоо “гайхуулан” эргэцэж алсыг ширтэн зогсох нь үлэмж сүрлэг. Гэр орондоо золголт хийчихсэн хүүхэд бид мөнөөх тэмээдээ унаад хөдөөний цэнгэг агаарт дуулалдан уралддаг сан. Нутаг нугынхаа айлуудаар хэсэж ахмад буурлуудтайгаа золгон мэндчилнэ.

Уяанд хөнгөрсөн тэмээдийн алхаа тэшээнд бүүвэйлүүлж жонжуулсаар айлд очиход их л холын зочин ирсэн мэт гэрийн эзэд баяртай сайхнаар угтаж, нар салхи үнэртсэн хацрыг минь үнэрлэдэг сэн. Айл айлын буузны амт өөр. Манай говийнхон буузандаа хүмүүл хольж ааг амт нэмнэ. Архи дарс бол биднээс хол. Арван хэдтэй жулдрай амьтас бидэнд тэр нь зөв байлгүй яахав. Айраг цагаа ууж, ёотон боовхон амтархаад л болох нь тэр.

Энэ айл ямар бэлэг өгөх бол хэмээн хорхойсон бодох. Одоо тэднийд очно гэдгээ яг таг товлочихсон бид явна аа. Гэрийн эзэгтэй сайхан тэвхэн боов, чихэр, ёотон мэтийг өгнө. Их ёсорхуу байдлаар хоёр гардан тосон аваад л өвөр рүүгээ хийнэ дээ.

Айл айл хэссээр явтал нар гудайхын үес гэрийн зүг бурантаг зална шүү дээ. Өвөр түнтийчихсэн, гэдэс цатгалан хөрслөг хэдэн хүүхэд тэмээгээ гуядан уралдаж гарна. Тэмээдийн тавхай хээр талын цасыг ломбодон тамгалж, суусарласан сорлог зогдор нь салхинд намиран, хөөс цахруулсан уран хошуу нь шөмбийчихөөд тэшээ нь улам ч гангарах авай. Бидний бага нас ийм л байлаа. Хөдөөгийнхний гүндүүгүй сайхан ааш зан биднийг өлгийдөн хүмүүжүүлж, монгол ёс уламжлал минь биднийг сургаж төлөвшүүлсэн билээ.

Монголын минь Цагаан сар ийнхүү хөдөө нутагт минь айлчлан иржээ. Эрдэнээс ч үнэтэй эх нут­гийнхаа элгэн дээр цовоо цолгиун дуугаа хадааж, сайхан буурал эмээ өвөө, ах эгч нарынхаа амар мэндийг эрэн золгож байсан балчир хонгор өдрүүдээ бодохуйд тэртээх өмнийн шаргал говь минь униартан цэлийж, тэнгэрийн хаяа мэлтийсэн уужим баян тал нутаг минь сэтгэлийн хойморт цэнхэрлэх авай.

Э.ХАРХҮҮ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top