“Дөрвөн бэрх”, “Үйчүүр”, “Хорол” тоглоомуудыг цагаан сарын шинийн нэгний өдөр тоглодог заншилтай.
Шинийн нэгний өдөр өлзий дэмбэрэл бүрдсэн тоглоом дэлгэж, наргиж цэнгэвэл гэрийн жавар үргэдэг гэж үзэх бөгөөд шинийн нэгний тоглоомонд ялсан хүн тэр жилийг “Эрүүл саруул, аз хиймортой сайн давж, онд мэнд орох юм байна” хэмээн бэлгэшээдэг бол тоглоомонд тэнцэх буюу “хайнцвал”, “хавантай” буюу “барцад саадтай байна” гэж үзэж, улмаар “хавангаа хагалах”, буюу барцад саадыг арилгах дом засал болгож, заавал дахин тоглох зэрэг өвөрмөц зан заншлууд буй.
Одоо тэдгээрийг тус бүрээр нь авч үзье.
“ДӨРВӨН БЭРХ”-ийг хамгийн залуугаасаа эхлэн тоглодог
Дөрвөн бэрхийг тоглохдоо “Найр ахаасаа, наадам дүүгээсээ” гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхлэн дарааллаараа ээлжлэн дөрвөн шагайг орхиж, түрүүлж 100 оноо авсан хүн хожно.
Хэдэн оноогоор тоглохоо дараах байдлаар тогтооно.
Бага насныхан тоглохдоо дараах оноогоор тоглож болно.
Хүүхэд шоогоо орхиж, авсан онооныхоо тоогоор шагай авч хадгална. Хамгийн түрүүнд 10 шагайтай болсон хүүхэд хожно.
Сонирхуулахад, дөрвөн бэрхийг Монголын ард түмэн мэргэ төлөг хийхдээ ашиглаж ирсэн түүх бий. Энэхүү мэргэ нь Монгол угсаатны дунд хамгийн өргөн дэлгэрсэн, үнэн зөвийн магадлал өндөртэй гэгддэг. Дорнын зурхайд итгэдэг бол дөрвөн бэрхийн мэргээр ажил үйлс, санасан зүйлээ мэргэлж болно.
Дөрвөн бэрхийг сонгон авахдаа морины толгой нь нар зөв эргүүлэгтэй хоёр, нар буруу эргүүлэгтэй хоёр шагайг авна. Мэргэлэхдээ шагайг баруун гараараа авч тэгш зөөлөн талбай дээр орхино. Харин билгийн тооллын хулгана өдөр мэргэлдэггүй, мэргэ төөрнө, мэргэлсэн хүндээ таагүй гэдэг тул хулганаас бусад өдрүүдэд мэргэлж аз хийморь, алдаа оноогоо шинжих юм.
Шинийн нэгэнд ҮЙЧҮҮР ТОГЛООГҮЙ бол 2-нд НӨХӨН ТОГЛОДОГ
Уламжлалд шинийн нэгний их золголтоор идээ цагаа амсаж, мэндийн тамхи мэдсэний дараа гэрийн эзнээс эхлээд орсон гарсан зочин гийчин бүгд шагайгаар “Дөрвөн бэрх” орхиж, жилийн нуруу, аз хийморио шинждэг.
Дараа нь золгосон айлдаа “Үйчүүр” дэлгэж хотлоороо тоглож нааддаг. Хүн бүр шинийн өдрүүдэд үйчүүр тоглоомыг ямар нэг байдлаар тоглохыг их эрхэмлэдэг ба үйчүүр орхиод хожсон талынхан ихэд бэлгэшээдэг. Шинийн нэгэнд үйчүүртэй таараагүй хүн бол шинийн хоёронд нөхөн үйчүүр тоглодог. Үйчүүр орхиход бүх хүмүүсийг бага ихгүй оролцуулж, бүр өлгийтэй нялхас, хэвтрийн хөгшин байсан ч нэр оруулж өмнөөс нь эцэг эх, хань ижил нь шоог орхиж тоглодог.
ТОГЛООМЫН ДҮРЭМ
Үйчүүрийг тоглохдоо тоглогчид 2 тал болон хуваагдаж нэг нь ахлан удирдаж, шоог царанд орхиж тоглоно. Хүн сондгойрвол хүн дутуу тал нь эзгүй байгаа хүнийхээ нэрийн өмнөөс төлөөлж шоо орхин тоглож болдог.
Үйчүүр тоглоомонд ханшийн дэс бүхий 8 зүйлийн амьтан орох бөгөөд харцага нохой хоёрыг хамтатган нэгэн зүйлд авдаг онцлогтой. Дүрсийг лангаар үнэлэх ба тоглоом эхлэхдээ арслангаар толгойлон ханш, дэсийн дарааллаар бүх амьтдаа өрж тавьдаг.
Үйчүүрийн ханш, дэсийг жагсаавал
“ХОРОЛ”-д ялсан хүн тухайн жилдээ АЗ ХИЙМОРТОЙ ЯВНА
Манж, Чин улсын үед монголчуудын дунд даалуу их дэлгэрсэн. Даалуу буюу мөрийтэй тоглоомыг хориглохын тулд хорол тоглоомыг бий болгожээ. Энэ тоглоомонд бурхны шашны бэлгэдэл болгон зэндмэнэ, хангарьд гэх мэт дүрслэлүүдийг бий болгосон байна. Хоролыг шинийн нэгний өглөө тоглодог. Жил нь орж байгаа хүн энэ тоглоомыг эхлүүлдэг бөгөөд жил орж байгаа хүн байхгүй бол ивээл жилтэй нь эхлүүлдэг ажээ. Тоглоомын үеэр тухайн жилд аз хийморьтой байх хүнийг тодруулдаг уламжлалтай.
“Хорол” нь гарын мод, газрын мод гэсэн нийт 60 модноос бүтнэ. Гарын болон газрын мод хэд байх нь нутаг нутгийн (баруун аймгийнхан, төв халх гэх мэт) уламжлалын дагуу өөр өөр байх нь бий. Тухайлбал,
Хувилбар 1
Гарын мод хорол, чандмань, гарьд, арслан нийт дөрвөн толгой мод тус бүр 4 ширхэг байна. Гарын мод нь бүх газрын модоо ахлах ба гарын модны зиндаа нь хорол хамгийн дээд гарын мод, чандмань удаалж, дараа нь гарьд, сүүлд нь арслан орно.
Газрын модонд хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай гэсэн арван хоёр жилийн амьтад байх бөгөөд амьтдын хувьд хулгана ахалж, үхэр удаалах гэх мэтээр үргэлжлэн гахай сүүлдэх дараалалтай буюу яг жилийн дарааллаар нь ахлуулж тоглодог. Газрын модны нохой, гахай тус бүр 2 ширхэг, бусад амьтад нь бүгд 4 ширхэг байна. (Энэ нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд нутаглах өөлд ястны Хорол тоглоомын хувилбар болой.)
Хувилбар 2
Гарын мод нь эрхэм шударгын бэлгэдэл болсон хорол, эрдэнэсийн бэлгэдэл болсон чандмань, аз жаргалын бэлгэдэл болсон өлзий хээ гэсэн гурван толгой модноос бүрдэнэ. Эдгээр гарын мод тус бүр 4 ширхэг байна. 12 жилийн амьтад бүхий газрын мод тус бүр 4 ширхэг байна. Дээрхийн адил дарааллаар тоглоно.
“Хорол” тоглоомын тоглох цаг хугацаа, журам дэг бүгд нарийн байдаг. “Хорол”-ыг тэнгэрийн дуутайд тоглох нэн цээртэй бөгөөд намар тэнгэрийн дуу татарч, ус гол хөлдөхөөр тоглож эхлээд, хавар цагаан сараар хамгийн сүүлд дэлгэж тоглоод, ирэх намар болтол хураадаг. Учир нь луу, могой гээд лусын амьтдаар наадаж буй болохоор зөвхөн лус ичсэн цагт л тоглодог гэдэг байна.
"Хорол" тоглоомын дүрэм
Тоглоомд 2-4 ба 6 хүн оролцож болох ба ихэнхдээ 4 хүн тоглох нь илүү тохиромжтой байдаг. Тоглоомд тэгш тоотой хүн оролцвол талцаж тоглоно. Жишээлбэл, 6 хүн тоглож байгаа бол модоо доош харуулан хооронд нь сайн холиод модоо 5, 5-аар давхарлан өрж дугуйлан тавина. Нэг хүн 2 гэр буюу 10 модтой тоглоно. Насаар хамгийн бага оролцогч хулгана жилээс эхлэн 12 жилээ магтаж дуулж эхний удаад тоглоомыг эхлүүлэх бөгөөд бусад оролцогч дараа нь ээлжлэн тоглоомыг эхлүүлэх боломжтой.
Эхний хүн модыг дангаар болон ижилсүүлэн гарч дараагийн хүн ахлах буюу дагуулан өгөх журмаар тоглоом үргэлжилнэ. Тоглоом дуусахад олон гэр барьсан тал нь хожно.
Тус тоглоомын зан үйлд морийг ихэд хүндэлж бэлгэшээдэг. Хэрэв тоглож байх явцад нэг хүнд зэрэг 4 морь ирвэл “Азын 4 морь” гэж үздэг бөгөөд 4 мориороо зэрэг 4 гэр барьж болно. 4 морийг өөр юу ч ахалдаггүй дүрэмтэй. Харин хүчин чадлаараа туулай хүртэлх бүх мод 3-4 ширхэг нэг хүнд ирсэн тохиолдолд тухайн хүн ээлжээ ирсэн тохиолдолд моднуудаа зэрэг гаргаж болно. Бусад мод буюу Тахиа, Мич, Хонь, Могой, Луу жил 3 ижил байсан ч зэрэг гарах боломжгүй.
Сэтгэгдэл ( 0 )