БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Элчин сайд Л.Саянаатай цахим уулзалт хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

МАНАЙ УЛСЫГ ТҮҮХЭН СОЁЛ ИРГЭНШЛЭЭР ЕРӨНХИЙ ИМИЖИЙГ НЬ МЭДДЭГ Ч ОРЧИН ҮЕИЙН ХӨГЖИЖ БУЙ УЛС ГЭДГЭЭР НЬ МЭДДЭГГҮЙ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр /2022.01.31/ Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаатай цахим уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын стратегийн чухал ач холбогдол бүхий салбарт сайдаар томилогдсонд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд баяр хүргэсэн юм. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн турш амжилттай хөгжиж ирсэн. Бүгд Найрамдах Болгар улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 72 дахь жил энэ онд тохиож байна. Цаашид энэ түүхэн харилцааг өргөн хүрээнд тэлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бүрэн дүүрэн боломж, сонирхол байгааг илэрхийллээ.

Түүнчлэн Элчин сайд Л.Саянаа “Бүгд Найрамдах Болгар Улс манай улсын аялал жуулчлалыг маш их сонирхож байна. Өнгөрсөн хугацаанд тус улсаас манай улсыг зорьж 300 орчим мянган жуулчин ирсэн байдаг. Гадны улс оронд нэн ялангуяа хавсран суух улс орнууд манай улсыг түүхэн соёл иргэншлээр ерөнхий имижийг нь мэддэг ч орчин үеийн хөгжиж буй улс орон гэдгээр тэр бүр мэддэггүй, мэдээлэл тун бага байна” гээд Бүгд Найрамдах Болгар улс, хавсран суух улс орнууд болоод, Монгол Улсаас бусад улс оронд суух 48 төлөөлөгчийн газраар дамжуулан Монгол Улсын талаарх ойлголт, мэдээллийг шинэчлэн дэлхийд сурталчилан таниулахад хамтран ажиллахыг хүслээ.

Мөн тус улсын Зочид буудал, ресторан үйлчилгээний газрын эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, агаарын авиа тур компанийн эздийн холбооны удирдлагуудтай уулзахад аялал жуулчлалын салбараар дамжуулан хоёр орны соёл, түүхэн харилцааг сурталчилах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна зөвхөн аялал жуулчлалын салбарт төдийгүй харилцан сонирхсон салбарын тухайлбал, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгэм хамгааллын зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна.

Түүнчлэн тус улсын сэтгүүлчдийн холбоотой хамтран хоёр орны хэвлэл мэдээллийн ажилтнуудыг туршлага солилцуулах, олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагыг оролцуулан эх орноо сурталчлах, дэлхийд үнэлэгддэг Болгар улсын аялал жуулчлалын боловсролд мэргэжилтэн солилцох зэрэг ашиглагдаагүй нөөц бололцоо арвин байгааг цохон тэмдэглэсэн юм.

Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Засгийн газраас эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр Аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Бид эх орондоо нэг сая жуулчин хэрхэн хүлээн авахад анхаарал хандуулж байна. Өнгөрсөн 7 хоногт БОАЖ-ын сайдын дэргэд Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл байгуулж, өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Мөн гадаадын авиа компаниудын удирдлагатай өнөөдөр уулзалт хийж, дэлхийн жуулчид Монголыг зорин ирэх боломж, гарц, шийдлийг ярилцлаа” гээд Бүгд Найрамдах Болгар улстай улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн шинэ боломжуудад дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахаа илэрхийлээд Элчин сайд Л.Саянаад ажлын амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top